“Оросын амт” уралдаант цахим шалгаруулалтад Буриадын бууз шилдгээр тодорчээ

ОХУ-ын бүс нутгуудын хоол хүнсний шилдэг брэнд бүтээгдэхүүний бүх нийтийн анхдугаар нээлттэй цахим уралдаант шалгаруулалт энэ сарын 2 хүртэл үргэлжлэн дүнгээ гаргажээ.

ОХУ-ын 500 гаруй хоол хүнсний бүтээгдэхүүнээс шилдгийн шилдгээр Буриадын бууз, Дагестаны хонины мах, Москва орчмын бяслаг тус тус шалгарсан бөгөөд бууз хойд хөршийн иргэдийн хамгийн олон санал аван тэргүүлсэн байна. Эдгээр бүтээгдэхүүнийг ОХУ даяар сурталчлан таниулж, зах зээлийг нь тэлэхэд дэмжлэг үзүүлэх ажээ.

Буриадын тэргүүн Алексей Цыденов шилдгээр шалгарсан буузыг цахимаар танилцуулахдаа буриад дээл өмсөн төрөлх хэлээрээ мэндчилж бууз чимхэж үзүүлээд, “Буриад буузыг манай айл бүрт гараар чимхэн маш энгийн аргаар хийдэг билээ. Буриад нутгийн зон олны чин сэтгэл, бүхий л баялаг шингэдэг учир бууз хамгийн амттай хоол юм” гэжээ. Энэ танилцуулга “Оросын амт” шалгаруулалтын мөн шилдгийн нэгээр тодорчээ.

Б.Төгсөө

 

SHARE