Д.Сумьяабазар Онцгой комиссын даргын даалгаврыг зөрчиж халаа сэлгээ хийгээд эхэллээ!!!

Д.Сумьяабазар COVID19 цар тахлыг дотооддоо алдахаас өмнөхөн Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн онцгой комиссын дарга болсон.

Ажил аваад удалгүй цар тахлын аюултай нойр хоолгүй ажиллан тэмцэж буй хэдэн даргын нэг.

Тэгвэл тэрээр цар тахлын тархалтаас болж орон даяар хатуу хөл хорио тогтоож, бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн үед Нийслэлийн Засаг дарга болсныхоо идийг үзэх гэж яарав бололтой.

Учир нь Д.Сумьяабазар Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газар зэргийн дарга нарыг чөлөөлж, оронд нь өөр хүмүүс томилсон байна.

Гэтэл 2020 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар аймаг нийслэлийн удирдлагуудад Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдалд хуулийн хүрээнд иргэдийн эрх ашгийг ханган, сахилга бат, хариуцлагыг чанд мөрдөн ажиллахыг үүрэг болгож, ажилтан албан хаагчдыг ажлаас халж, чөлөөлөх хөдөлгөөн хийхгүй байх даалгавар өгсөн байдаг.

Өөрөөр хэлбэл, энэхүү бүх нийтийн бэлэн байдал, хөл хорионы үед халаа сэлгээ хийгүй байхыг үүрэг болгосон байгаа юм.

Харин Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын үүрэг даалгавар Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумьяабазарт үйлчилсэнгүй.

Халагдсан дарга нарын зарим нь хэдэн сарын цалинтай тэнцэх тэтгэмжээ аваад арилж байгаа бол нэг хэсэг нь Захиргааны шүүхэд хандаад эхэлсэн байна. Түүний халаа сэлгээ цаашид ч үргэлжлэх бололтой.

Эх сурвалж: aguulga.mn

SHARE