МОНГОЛОО “АСААСАН” СОНСОГЧ

Нэг өвөөгийн худалдаж авсан гулууз махыг үүрэг гүйцэтгэж явсан сонсогч мөрлөж аваад хүргэж өгчээ. Зураг нь цахим сүлжээнд тавигджээ. Нийтээрээ л бахдав. Ер нь бол бахархалтай л даа. Ялангуяа ийм муу цаг үед сайхан зүйл харж баясна гэдэг хэрэтэй юм. Уг түүх, удам судраа ойрхон өнгийвөл энэ ингэтэл шагшраад байх эд биш ээ. Монголчууд угаасаа л ийм юм. Айлаараа, саахалтаараа, голоороо, нугаараа нэг явсан ард түмэн. Тэдний хонь энд ирвэл толгойг нь гэрийнх нь зүг эргүүлнэ.

Тэр гуайн адуу энүүхэнд үзэгдвэл хаашаа чиглэхийг нь хачин сайн харна. Худаг дээр тэднийхний мал таарвал ховоо татаж цангааг нь тайлна. Ерөөсөө л энэ чинь монгол зан байгаа юм. Ялангуяа өөрөөсөө ахмад бол сайн муу нэртэй, явдалтай хэн ч байсан хүндэтгэн үзэж, амнаас нь унах үгийг алдалгүй дагана гэж байгаа. Томчуудын өөдөөс үг сөрөхгүй. Том хүний ярианд орохгүй. Энэ зураг дээрх шиг өвөө гулууз махтай зогсож байгаа таарвал ямар ч залуу хааш нь ч хүргэж өгөх тийм л уламжтай улс, бид чинь… “Ийм ч цаг ирэх гэж…” хэмээн өвгөдийн халаглахыг сонсож байв уу.

Харин тийм, ийм л цаг ирчихээд байгаа юм. Тусгүй устай, өгөхгүй авдаг их л өөдгүй цаг үеийг бид туулж байна. Тийм болохоор энэ сонсогч залуугийн үйлдэл бол унтарсан олон лааны нэгийг олоод асаачихсан л үйлдэл юм. Бид ийм л хүмүүс, монгол хүн угийн л ийм. Тэгэхээр Монголоо “асаасан” сонсогчдоо гялайлаа гэе. Ийм залуустай ирээдүй гэрэлтэй харагдаж байна.

 

Эх сурвалж: Aguulga.mn

SHARE