О.Орхон: ХХБ улс төрийн золиос болж байна

Худалдаа хөгжлийн банк /ХХБ/ -ны удирдлагууд 2019 оны 3-р сарын 7-нд мэдээлэл хийж, улс төрийн зорилгоор тус банкны нэр хүндэд халдаж байна хэмээн үзэж буйгаа илэрхийллээ. ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон, “Өнгөрсөн өдрүүдэд сэтгэл сэртхийм үйл явдлууд боллоо. Үүнийг бид улс төрийн зорилготой гэж үзэж байна. Учир нь Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар намайг өмнө нь нэг удаа дуудаж гэрчийн мэдүүлэг авсан бол уржигдар мэдэгдэлгүй, шууд баривчилсан.

Бидний гомдлыг шүүх хүлээн авч шалгаад, хууль бус баривчилгаа байсан гэж үзэж өчигдөр сулласан. Манай банк хууль зөрчсөн зүйл байхгүй. ЗГХЭГ-ын даргын нууц протокол нь өнгөрсөн онд олон нийтэд ил болчихсон зүйл. Мөн Эрдэнэтийг худалдаж авах схем нь тухайн үед эл хэргийг шалгаж байсан ажлын багийн гаргасан зүйл. ЗГХЭГ-ын дарга олон нийтэд мэдээлэхдээ, дээрх баримтыг шүүхээр тогтоогоод нотолчихсон юм шиг ярьсан. Энэ бүхэн нотлогдоогүй, мөрдөн байцаалтын шатандаа байгаа. Манай банк 29 жилийн түүхэндээ Монгол Улсын хэдэн зуун компани, ААН, байгууллагад санхүүжилт олгосон. Манай банк хуулийн дагуу, төсөл хөтөлбөрүүдэд тавигдах шаардлагын дагуу санхүүжилт олгодог.

Түүнчлэн олон улсын зах зээлд бонд гаргаж, их хэмжээний хөрөнгө босгож ирсэн манай банкны нэр хүндийг харлуулж, онц ноцтой гэмт хэрэгтэн болгож, намайг тусгай хүчнийхнээр баривчлуулж, хэвлэл мэдээллээр цацсанд харамсаж байна. Энэ нэр төрөө эргүүлж авах хүртлээ тууштай ажиллана. Харилцагч нартаа хандаж хэлэхэд, өнгөрсөн өдрүүдэд манай банкийг ойлгож, дэмжлэг үзүүлсэнд талархаж байна” гэв.

Эх сурвалж: news1mn

SHARE