Их дээд сургуулиудыг хотоос нүүлгэнэ

БШУЯ-наас боловсролын цахим шилжилтийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мөн яамнаас их дээд сургуулиудад хийж байгаа шалгалт, хотоос нүүлгэх талаарх мэдээллийг дэд сайд Г.Ганбаяр хүргэлээ. “Цахим орчинд тараад буй 12 сургуулийг хаах гэж буй мэт мэдээлэл гарсан байсан. Тийм биш. Бүх их дээд сургуулийн үйл ажиллагааг шалгаж байгаа ба яамнаас хувийн, төрийн гэж ялгалгүй шалгадаг журамтай. Шалгасан сургууль бүрээ хаана, тусгай зөвшөөрлийг нь цуцална гэсэн зүйл байхгүй. Бүгдэд нь тавих ёстой шаардлагаа тавин, шаардлага хангаж чадахгүй байгаа буюу багшгүй, оюутангүй болчихсон сургуулиудыг хаана.

Шууд хаана гэхээсээ илүүтэй эдийн засгийн аргаар буюу хооронд нь нэгтгэх, оюутнуудыг суралцуулна. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Багануур дүүрэгт оюутны хотхон байгуулах талаар ярьсан. Энэ нь 2013 оны тооцооллоор 11 их наяд төгрөгийн санхүүжилт гарахаар байсан. Шинэ Засгийн газрын тооцооллоор Багануур руу шилжүүлэх боломжгүй гэж үзэн, Ховд, Дорнод, Орхон, Дархан-Уул, Дорноговь зэрэг аймгуудад оюутны хотхон байгуулах асуудлыг удахгүй Засгийн газраар шийдвэрлүүлнэ. ХААИС-ийг ирэх жил Дархан руу нүүлгэнэ.

Тус сургуулийн дөрвөн хөтөлбөрийг Дарханы сургууль руу шилжүүлэн, өнгөрсөн хоёр жил тухайн чиглэлд элсэлт аваагүй. ШУТИС-ийг Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн Эрдэнэт хот руу шилжүүлнэ. Мөн Ховд, Дорнодод боловсрол, эрүүл мэнд, нийгмийн чиглэлийн сургуулиа шилжүүлэх, Дорноговь болон говийн аймгууд руу уул уурхайн сургуулиа гаргая гэсэн бодлоготойгоор ТЭЗҮ боловсруулан ирэх жилээс ажил хэрэг болгоно. Төрийн их, дээд сургуулиудад хөтөлбөрийн давхардал байна. Бүгд л орлогоо бодож бизнес эрх зүй, удирдлагын ухаан зааж байна. Тиймээс үүнийг сургууль сургуулиар нь төрөлжүүлж, цэгцэлнэ” гэв.

SHARE