Гудамжинд баруун гарын дүрмээр алхацгаая!

 А.Наран

 

Замын түгжрэлээс зайлсхийсэн залуус автобус, такси, машинаар явахаас илүү алхахыг сонгодог болжээ. Тэр нь ч аргагүй биз. Түгжирч бухимдаж байхаар дуртай дуу, хэрэгтэй подкастаа сонсоод алхах ч бас сайхан.

Ядаж хөдөлгөөн хийхэд нэмэртэй юм даа. Жаахан яаруу ажилтай алхалтаа түргэсгэхээр нэг асуудалтай тулгарах болж. Би энд явган хүний замын талаар биш алхагчдын соёлыг шүүмжлэх гэсэн юм. Баруун гарын дүрэм гэж цэцэрлэгийн наснаас эхэлж заадаг байсан даа. Тэрийг л сануулъя. Цэцэрлэгт, ерөнхий боловсролын сургуульд ч баруун гараа барьж нэг чигт алхан заал тойрч гүйдэг шүү дээ. Энэ хэв маяг хүмүүст тогтоод үлдэх ёстой энгийн зуршлуудын нэг баймаар. Орчин цагт залуус нарийхан гудамжаар явж байж арынхаа хүнд зай тавьж өгөхгүй юм. Юун баруун гарын дүрэм. Охид сугадалцаад нэгнээсээ дүүжлэгдчихээд салахгүй.

Тэд юуны талаар ярих нь ч хамаагүй. Алхааг нь тааруулж байгаад арай гэж хажуугаар нь чихэж байж гарахаар муухай харна. Бүр цүнхээ барьж үзнэ. Үнэндээ чихэж гарахгүй л бол тэнд явган түгжрэл үүсээд байгаа юм л даа. Ганцхан охид ч биш хөвгүүд ч хаачих гээд байгаа нь мэдэгдэхгүй тэр эгнээг бүхэлд нь эзэлчихээд орилолдоод явахгүй. Тэдэнд ард байгаа хүн ер ньхамаа алга.

Бас л боломжийг харж байгаад чихээд гарна. Алхаж байхад олон хүн удаашралтай байвал тийшээ бараг л эр зоригийн алхалт хийж очих маягтай. Уг нь нарийхан гудамжтай улс байнадаа. Баруун гарын дүрмийг баримтлаад алхвал ямар ч бухимдалгүй хурдан хүрэх газраа хүрчихмээр.Энэ зөвхөн алхалт гэлтгүй шат, урсдаг шат, урт хонгил зэрэг давчуу зайтай газар бүхэнд хамаатай. Залууст ярих, хөөрөх зүйл байдаг бол жаахан талбайтай газар ярилцаад, алхахдаа баруун гарын дүрмийг баримталмаар байна. Яараад явж байгаа хүндээ ч амар. Тайван алхаж байгаа та нарт ч амар шүү дээ. Тэгэхээр нэг л уриалга хэлмээр байна. Их хотын иргэн та гудамжаар алхахдаа соёл түгээн баруун гарын дүрмийг баримтална уу.

SHARE