Д.Энхбаяр: Манай улс эдийн засгийн эргэлтэд оруулж буй нийт малын арьсны 20-хон хувийг эцсийн бүтээгдэхүүн болгодог

Малын гаралтай түүхий эд, тэр дундаа арьс шир боловсруулалтын талаар ”Дархан арьс, ширний цогцолбор”-ын гүйцэтгэх захирал Д.Энхбаяртай энэ салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын талаар ярилцлаа.

-Манай улсад арьс ширний боловсруулалт ямар түвшинд байна вэ?
-Арьс ширний салбар бол манай улсын аж үйлдвэрийн анхдагч салбар. Монголд арьс шир боловсруулалтын салбар 1961-1980-аад оны эхэн хүртэл хөгжлийн оргил үедээ хүрсэн. Өнөөдрийн байдлаар Монгол Улс жилд 15-16 сая толгой малыг эдийн засгийг эргэлтэд оруулж, түүнийхээ арьсны 20-30 хувийг ашиглахгүй хаядаг. Боловсруулалтад орсон арьсны 80 хувьд анхан шатны боловсруулалт хийж, 20 хүрэхгүй хувьд нь эцсийн боловсруулалт хийж, дотоодын хэрэгцээнд ашиглагдаж байна.

Арьс шир боловсруулалтын чиглэлээр хамгийн сайн ажиллаж байсан 1961-80-аад онд Монгол Улс жилд эдийн засгийн эргэлтэд оруулсан малын арьсны 90 гаруй хувийг эцсийн бүтээгдэхүүн болгож байв. Арьс шир малчны хотноос гарч ченжүүдээр дамжин үйлдвэрт ирэх хүртэл хэд хэдэн шат дамждаг учир шаардлага хангасан чанартай түүхий эд ирэх нь ховор. Иймд малын арьсыг ашиглахын тулд малыг төхөөрөхөөс эхлээд арьсыг гэмтээхгүй байх өндөр стандарт хангасан ажиллагаа шаардлагатай.

Монгол Улс жилд 15-16 сая толгой малыг эдийн засгийг эргэлтэд оруулж, түүнийхээ арьсны 20-30 хувийг ашиглахгүй хаядаг.

-Тэгэхээр анхнаас нь юуг анхаарах хэрэгтэй байдаг вэ?
-Энэ бол бүхэл бүтэн системийн хэмжээний үйл ажиллагаа. Социализмын үед арьс шир боловсруулах бүхэл бүтэн систем ажиллаж байсан. Зоотехникч бэлдэж, малыг эрүүлжүүлэхэд анхаарахаас эхлээд үйлдвэрлэлийн шатанд ирэх хүртэлх бүх шат дамжлагуудын эдийн засгийн үр ашгийг хангасан системийг бүрдүүлэх шаардлагатай. Дэлхийд нийт 3.7 тэрбум мал байна. Үүний 1.7 тэрбум нь фермерийн үхэр. Малыг уламжлалт аргаар адгуулж хариулж байгаа Монгол шиг улс бол ховор болсон.

-Арьс ширний үйлдвэрлэлийн боловсруулалтыг сайжруулах, үнэ цэнийг нэмэгдүүлэхийн тулд ямар бодлогоор ажиллах нь зүйтэй вэ?
-Зөвхөн аж үйлдвэрийн парк барьснаар үнэ цэн нэмэгдэхгүй. Үйлдвэр барих нь арьс шир боловсруулах системийн 10-15 хувийг л эзэлнэ. Гагцхүү арьс малчны хотноос гараад ченжүүдийг дамжиж эцсийн шатанд хүрэх хүртэлх бүх оролцогчид харилцан уялдаатай ажиллах нь чухал.

Малын эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр төр засгаас сүүлийн гурван жилд маш сайн  ажилласан. Мал эмнэлгийн ерөнхий газар хурдтай ажиллаж, 2018 оноос эхлээд Малын генетик нөөцийн тухай хууль, Малын эрүүл мэндийн тухай хууль батлагдах зэргээр суурь дэд бүтэц нь тавигдаж байна. Дээр нь боловсруулах технологи, хүний нөөц гэх мэт олон зүйлүүд бий. Байгальд ээлтэй технологийг нэвтрүүлэх асуудал улс орнуудад хурцаар тавигдаж байна. Мөн хүний нөөц маш чухал. Арьс шир боловсруулах ажил орчин үеийн залуусын сонирхдог цагаан цамцтай, цэвэрхэн орчинд ажилладгаас тэс өөр орчин учир энэ салбарт ажиллах залуучуудыг хэрхэн татах бодлого ч хэрэгтэй.

-Технологийн шаардлага хангахгүй их хэмжээний арьс хаягддаг. Үүнийг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ?
-Арьс ширийг хаяж, устгалд оруулах тухай бид ярьж байгаа нь эмгэнэлтэй. Арьс шир бол уургаар баялаг, дэлхийн зах зээлд доллараар үнэлэгдсэн үнэ цэнтэй бүтээгдэхүүн. Гэтэл ашиглах жалга суваг шуудуу хаяж байгаа нь харамсалтай.

Монголд эдийн засгийн эргэлтэд орж байгаа 16 сая ширхэг малын арьсыг гутлаар тооцож үзвэл 50 сая гутал. Дэлхий дахинд жилдээ 21 тэрбум гутал хэрэглэдгийн 10-хан хувь нь арьсан гутал байдаг гэсэн тооцоо бий. Тэгэхээр манай улс түүхий эдийн ямар их нөөцтэй нь харагдаж байгаа биз. Сүүлийн 3-4 жилд Мексик, Өвөрмонгол, Пакистан улсад нөөцөө шатаасан. Учир нь арьс чанарын стандарт хангах хугацаатай. Жишээлбэл, анхан шатны боловсруулалттай арьс 6-12 сар, дунд шатны боловсруулалттай бол 3 жил хүртэл. Үүнээс урт хугацаагаар эцсийн бүтээгдэхүүн болгохгүй бол арьсны чанар муудаж, хямд арьс болж хувирна. Дэлхийн арьс ширний салбар 350 тэрбум долларын нөөцтэй гэж үздэг. Тухайлбал, Европт цар тахлаас өмнө арьс ширний салбар сэргэж, савхин эдлэл хэрэглэх хандлага нэмэгдэж байсан.

Дэлхий дахинд жилдээ 21 тэрбум гутал хэрэглэдгийн 10-хан хувь нь арьсан гутал байдаг гэсэн тооцоо бий. Тэгэхээр манай улс түүхий эдийн ямар их нөөцтэй нь харагдаж байгаа биз.

-Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, арьс шир боловсруулан бүтээгдэхүүн гаргадаг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид арьс ширний салбарт хэр зэрэг хувь нэмэр оруулдаг вэ?
-Бидний уламжлалт хэрэглээ хурган дээл байна. энэ бол арьсыг ахуйн нөхцөлд боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгох боломжтой зүйл. Австралийн UGG-г яаж дэлхийн алдартай брэнд болгож чадав. Манай улсад түүхий эд нь бэлэн байна. Бид тэдэн шиг технологийг нэвтрүүлэх, толгойгоо ажиллуулах хэрэгтэй байгаа юм. улс орон бүхэн арьс ширний салбараа жижиглэн болон том корпорацийн гэсэн хоёр түвшин хөгжүүүлж байна. Итали улс гар урлалын салбараа жижиглэн талд нь хөгжүүлсэн.

-Монгол Улсад арьс ширний салбарыг хөгжүүлэхэд энэ салбарт ажиллаж байгаа таны харж байгаагаар хэчнээн жилийн хугацаа хэрэгтэй бол?
-Бид түүхээ судлахгүйгээр урагшаа явахгүй. Бид одоо хөгжлийн нэг торгон ирмэгт ирээд байна. Монгол Улсын нийт хүн амын 50 хувь нь амьдардаг нийслэлд арьс ширний үйлдвэрүүд ажиллаж байгаа нь экологийн маш том асуудлыг үүсгэж байна. Үүнийг төр, хувийн хэвшил, иргэн буюу малчид, ченжүүд, мал эмнэлгийн салбар, махны үйлдвэрүүд харилцан уялдаатай ажиллах замаар шийдвэрлэж болно. Арьс шир боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлж, 3-5  жилд хийж хэрэгжүүлэх бүрэн боломжтой.

Манай урд хөрш Хятад улс 6600 гаруй аж үйлдвэр хөгжүүлж байна. Манайхтай хил залгаа Өрөмч хоттой харьцуулъя. Тэнд дэд бүтцийг нь улсаас шийдэж, газрыг нь үнэгүй өгч байна. Хөрөнгө оруулалтын 20 хувийг улс гаргаж байна. Манай төслийн хувьд орон нутаг газраа гаргаж маш сайн дэмжиж байгаа. УИХ, Засгийн газар бодлогын түвшинд дэмжээгүй биш, дэмжиж байна. Гэхдээ урд хөршид хэрэгжүүлж байгаатай харьцуулахад маш их ялгаатай. Манай улс 7.5 жилд хөрөнгө оруулалтаа нөхөх төсөл хийж байхад Өрөмч хотод 3.5 жилд нөхөх төсөл хэрэгжүүлж байна.

-Улсаас яаж дэмжиж байна вэ?
-Улсаас хөгжлийн банкны хоёр охин компани дэмжиж санхүүжилтийн 50 гаруй хувийг шийдвэрлэсэн. Харамсалтай нь сая энэ хоёр компанийг сая татан буулгалаа. Улс орны эдийн засаг хүндрэлтэй, гадаад өр төлбөрүүдийг төлөх хэрэгтэй байж болно. Хамгийн гол нь том төслийн санхүүжилтийн суурийг хурдан бэлдэхгүй бол улс орны эдийн засагт бодит хувь нэмэр оруулах стратегийн салбар гацах нь их хор уршигтай. Хөнгөн үйлдвэрийн салбар Монгол Улсын нийт ажлын байрны 40 хувийг хангадаг. Эдийн засгийн үр өгөөж ихтэй. Тиймээс хөгжлийн санхүүжилтийг тасралтгүй хийхгүй бол хөнгөн үйлдвэрийн салбар хөл дээрээ сөхөрнө.

Хөнгөн үйлдвэрийн салбар Монгол Улсын нийт ажлын байрны 40 хувийг хангадаг. Эдийн засгийн үр өгөөж ихтэй. Тиймээс хөгжлийн санхүүжилтийг тасралтгүй хийхгүй бол хөнгөн үйлдвэрийн салбар хөл дээрээ сөхөрнө.

Эх сурвалж: gogo.mn

SHARE