Беларусийн нийслэлд цэрэг оруулж жагсагчдыг хүчээр тараажээ

Беларусьт өчигдөр болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцэн тус улсын нийслэл Минск болон бусад томоохон хотод олон мянган иргэд гудамжинд гарч жагссан тухай “ВВС” агентлаг мэдээлж байна.

Минскийн төвийг эзэлсэн жагсагчдыг тараахын тулд цэрэг оруулан хоморголон баривчилгаа явуулжээ. Жагсагчдын эсрэг тусгай техник хэрэгсэл, резинэн сум, гэрэл цацруулагч гар бөмбөг, нулимс асгаруулагч хий хэрэглэсэн байна. Цагдаа, цэргийн албан хаагчидтай жагсагчид хэд хэдэн удаа мөргөлдсөн ба аль аль талаас олон хүн хүнд, хөнгөн бэртжээ.

Беларусийн сөрөг хүчнээс нэр дэвшсэн Светлан Тихановская цагдаа, цэргийн албан хаагчдад хандан ард түмнийхээ эсрэг хүч хэрэглэхгүй байхыг уриалжээ. Тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлэхдээ, Минск дэх байдлыг бүрэн хяналтдаа авсан гэжээ.

Беларусийн Сонгуулийн ерөнхий хороо тус улсын одоогийн Ерөнхийлөгч Александр Лукашенко сонгогчдын 80 гаруй, харин Светлана Тихановская ердөө найман хувийн санал авсан гэж мэдээлсний дараа сонгуулийн дүнг луйвардсан гэж үзсэн иргэд олон мянгаараа гудамжинд гарч эсэргүүцлээ илэрхийлж эхэлжээ.

Александр Лукашенко 1994 оноос хойш тус улсын Ерөнхийлөгчөөр тасралтгүй ажилласаар өнөөг хүрсэн билээ.

Эх сурвалж: news1.mn Б.Төгсөө   

 

SHARE