АНЭУ-ын “Аль Амал” сансрын хөлөг Ангарагийг зорилоо

Арабын нэгдсэн эмирт улсын “Аль Амал” (“Найдвар”) сансрын хөлгийг Японы “H-IIA” пуужингаар Танегашима арал дахь сансрын буудлаас амжилттай хөөргөсөн тухай “Киодо” агентлаг уламжиллаа.

“Аль Амал” 430 км-ийн өндөрт тээгч пуужингаас салан өгөгдсөн чиглэлийн дагуу нислэгээ үргэлжлүүлсэн байна. 1350 кг жинтэй тус аппаратыг АНЭУ-ын Сансрын агентлаг, Мохаммед Бин Рашидын нэрэмжит Сансрын төв АНУ-ын гурван их сургуультай хамтран зохион бүтээжээ. Нарны хоёр зай, олон сувагт камер, хэт ягаан туяа хэмжигчээр тоноглогдсон “Аль Амал”-ийн тусламжтайгаар эрдэмтэд Ангарагийн агаар мандал, цаг уурыг судлах ажээ.

Тус аппарат АНЭУ-ыг зарлан тунхагласны 50 жилийн ойн баярын өмнө буюу 2021 оны хоёрдугаар сард Ангарагт хүрэх юм байна. “Аль Амал” Ангарагийн тойрог замд тус гаригийн нэг жил буюу Дэлхийн 687 хоногийн турш ажиллах ажээ.

Эх сурвалж: news1.mn Б.Төгсөө

SHARE