Д.Трамп сурталчилгаагаа Африкоамерикчуудын баярын өдрөөс нэг хоногоор зөрүүлж VI.20-нд хийнэ

Ирэх намар XI.3-нд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд  Бүгд Найрамдах намаас дахин нэр дэвших магадлалтай Дональд Трампын сонгуулийн сурталчилгаа Оклама муж улсын Талса хотод VI.20-нд  болох тов гарлаа. Коронавирусийн цар тахлаас болж түр завсарласны дараах анхны энэ уулзалт цуглааныг VI.19-нд зохион байгуулахаар товлосон байсан ч африк гаралтай америкчуудын баярын өдөртэй давхацсан тул нэг хоногоор хойшлуулжээ. 1865 оны VI.19-нд Абрахам Линкольны  Боолчлолыг халах тунхаглалд Америкийн Холбооны улсаас Техсас муж хамгийн сүүлчийнх нь болон нэгдэн орсон бөгөөд Африк тивийн хар арьстан боолчуудын хойч үе, өнөөгийн өнгөт арьстан африкоамерикчуудын хувьд энэ өдөр нь маш чухалд тооцогддог.

Дональд Трампын сонгуулийн штабынхан, хоёр ч хар арьстан залуу цагдаа нарт буудуулж нас барсны улмаас АНУ төдийгүй дэлхий даяар арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцсэн сөрөг давалгааны үеэр “гал дээр тос нэмэхгүй” гэж болгоомжлон сурталчилгааны өдрийг хойшлуулжээ. Талса хотод болох сурталчилгааны уулзалт цуглаанд одоогоор нэг сая гаруй хүн оролцох саналаа ирүүлээд байна. Тухайн өдөр коронавирусийн халдвар тархахаас сэргийлж ирсэн хүн бүрийн халууныг хэмжиж, түүнчлэн гар ариутгагч, амны хаалтыг нэгбүрчлэн тараах ажээ.

 

SHARE