Д.Трамп хөлбөмбөгчдийг Төрийн дуулал эгшиглэхэд бохирон суувал уг тоглолтыг үзэхгүй

Ерөнхийлөгч Д.Трамп хэрвээ Америк хөлбөмбөг (NFL) болон Хөлбөмбөгийн (MLS) лигийн тоглогчид арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэхдээ Төрийн дуулал эгшиглэх үеэр өвдөглөн суух аргыг хэрэглэвэл тоглолтыг үзэхгүй гэж мэдэгдлээ.

Эдгээр лигийн тоглолт эхлэхийн өмнө Америкийн Төрийн дуулал эгшиглэдэг ба Америкийн хөлбөмбөгийн холбоо өнгөрсөн долоо хоногт дүрмээсээ 2017 оноос хойш мөрдөж байсан “тоглогчид өвдөг сөхрөн суухгүй, зогсох ёстой” гэсэн заалтыг хассан юм. Ийм заалттай байсан шалтгаан нь: АНУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ багийн хөлбөмбөгчин Меган Рапино нь Төрийн дуулал эгшиглэх үеэр өвдөг сөхрөн сууж эх оронд нь хүмүүсийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхдагийг эсэргүүцэж байгаагаа анх удаа илэрхийлсэн юм. Энэ хувилбар нь дээр дурдсан лигүүдэд мода болтлоо дэлгэрсэн учраас 2017 онд тус холбоод дүрэмдээ тоглогчдыг Төрийн дууллын үеэр биеэ хэрхэн авч явах, өөрөөр хэлбэл зогсож байх ёстой гэсэн заалт оруулсан түүхтэй. Меган Рапино нь 2019 онд эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-д түрүүлж алтан медаль хүртсэнийхээ дараа Ерөнхийлөгч Д.Трампаас аварга багийнхнаа Цагаан ордонд урьж зохион байгуулсан хүлээн авалтад оролцохоос татгалзаж байлаа. Тэрбээр, Д.Трамп Ерөнхийлөгчийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч, энэ үзлийг АНУ-д түгээн дэлгэрүүлэгч гэж үздэг нэгэн.

НБА-гийн мэргэжлийн сагсан бөмбөгчдийн олонх тоглогч нь өнгөт арьстан байдаг бөгөөд тэд ч бас Ерөнхийлөгч Д.Трампыг арьс өнгөөр гадуурхагч хэмээн түүнд таагүй ханддаг. 2016-2017 оны сагсан бөмбөгийн улирлын аварга “Голден Стэйи Уорриорс” багийн хар арьстан тоглогчид ч энэ шалтгаанаар Цагаан ордонд урьсан хүлээн авалтад очихоос татгалзаж байв.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп тоглогчдыг Төрийн дуулал эгшиглэх үеэр бохирон суух нь “Та бидний эх орныг, та бидний Төрийн далбааг доромжилж байгаа үйлдэл” хэмээн иргэддээ үргэлж сануулж хэлдэг юм.

 

SHARE