НАЛАЙХЫН АВТОБУСНЫ ЧИГЛЭЛ ӨӨРЧЛӨГДСӨНД ИРГЭД БАЯРТАЙ БАЙНА

 

Налайх дүүргийн нийтийн тээврийн чиглэл өөрчлөгдөж төлбөрийн журамд өөрчлөлт орсонтой холбогдуулан дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар өнөөдөр автобусаар зорчигч иргэдтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонслоо.

Налайх-Улаанбаатар чиглэлийн нийтийн тээвэр өмнө нь Дүнжингарав худалдааны төв хүрээд буцаж эргэдэг байсан бол энэ сарын 1-ний өдрөөс эхлэн Налайх-Багшийн дээд хүрээд 64 дүгээр дэлгүүрээр буцаж эргэдэг болсон.

Энэ асуудлыг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан нийслэлийн Тээврийн газартай удаа дараа уулзаж, Налайх дүүргээс санал тавьсны үндсэн дээр ийнхүү нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орсон байна.

Нийтийн тээврээр зорчигч иргэд автобусны чиглэл өөрчлөгдөж, хотын төв хэсэг рүү хүрдэг болсонд талархаж байгаагаа илэрхийлж байсан юм. Түүнчлэн Налайхын оюутан залуучууд автобус дамжиж суухгүй сургуульдаа хүрэхэд илүү амар болсныг хэлж байна.

Мөн бэлэн мөнгөөр бус картаар зорчдог болсонтой холбогдуулан карт авах, сунгуулах газар хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэсэн санал, гомдол ихээр ирж байсан юм. Тэгвэл Налайх дүүрэг дотор автобус дагаад жижиг машинд карт зарах, сунгах үйлчилгээ хийгдэж байна. Мөн энэ сараас эхлэн дээрх чиглэлээр зорчих өндөр настан, хүүхэд, оюутнууд зөрүү мөнгө төлөхгүй аж. Хөнгөлөлт эдэлдэггүй иргэд 25000 төгрөгийн нэг сарын хязгааргүй зорчих эрхтэй карт худалдан авах боломжтой гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

SHARE