Ерөнхий сайд асан С.Баяр нарт холбогдох хэргийг хаалттай хэлэлцэж байна

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий сайд асан С.Баяр, сайд асан С.Баярцогт, “Петровис” группийн үүсгэн байгуулагч Ч.Давааням нарын найман хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ. Хуралдаан хаалттай үргэлжилж байна.  Тэднийг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татан, шалгаж байгаа юм. Улмаар прокурорын байгууллагаас тэдэнд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг өнгөрсөн гуравдугаар сарын 9-нд шүүхэд шилжүүлсэн байдаг.

Нийслэлийн прокурорын газраас төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн. Мөн нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Эх сурвалж: news1.mn М.Номин

SHARE