АНУ болон Зүүн Европын орнууд Ялалтын баярын өмнө хамтарсан мэдэгдэл гаргажээ

 

Нацист Германыг дарсны Ялалтын баярын босгон дээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео болон Төв, Зүүн Европын Болгар, Чех, Эстони, Унгар, Латви, Литв, Польш, Румын, Словакийн Гадаад хэргийн сайд нар хамтарсан мэдэгдэл гаргасан тухай “Deutche Well” агентлаг уламжилжээ.

Хамтарсан мэдэгдэлд, “1945 оны тавдугаар сар нийт Европт эрх чөлөө авчраагүй билээ. Тэр цагаас хойш тус тивийн төв, зүүн хэсэг 50 шахам жил коммунист дэглэмүүдийн удирдлага дор үлдсэн юм. Балтийн орнууд хууль бусаар түрэмгийлэлд өртөн эзлэгдэж, бүсийн бусад орон ЗХУ-ын илт давуу цэргийн хүч, хэлмэгдүүлэлт, үзэл суртлын хяналт зэрэгт гинжлэгдсэн түүхтэй.

Олон арван жилийн турш Төв болон Зүүн Европын олон иргэн эрх чөлөөний төлөө амиа золиосолж, сая сая хүн үндсэн эрх чөлөөгөө эдлэх эрхгүй, тамлалт яргалалтад өртөж, хүчээр төрөлх газраасаа нүүж байсан юм. 1956 оны үйл явдал, “Харти-77”, “Эв нэгдэл”, “Балтийн зам” хөдөлгөөний үйл ажиллагаа, Берлиний ханыг нураасан зэрэг үйл явдлууд Европ даяар эрх чөлөө, ардчиллыг сэргээхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэжээ.

Дэлхийн хоёрдугаар дайн дэгдэхэд болон дайн дууссаны дараа Европыг  хуваахад хүргэсэн түүхийг гуйвуулах оролдлогууд гарсаар буйд харамсч байна. Бид хүний эрх, ардчилал, хууль зүй ноёрхсон эрх чөлөөтэй, хүчирхэг Европыг цаашид ч бүтээн байгуулахыг уриалж байна” гэжээ.

Б.Төгсөө

SHARE