ОХУ коронавирусаар өвчлөгсдийн тоогоор дэлхийд тавд оров

ОХУ-д өчигдөр коронавирусын цар тахал эхэлснээс хойш нэг хоногийн дотор хамгийн их буюу 11231 хүн шинээр халдвар авсан тухай “ТАСС” агентлаг мэдээлж байна.

Ингэснээр, ОХУ-д коронавирусаар өвчлөгсдийн тоо 177160-д хүрч энэ үзүүлэлтээр Германы урд орон дэлхийд тавд бичигдэх болжээ. Тус улсад өчигдөр 88 хүн нас барж нийт нас барагсдын тоо 1625-д хүрээд байна.

Зөвхөн Москвад өчигдөр коронавирусаар халдварласан 51 хүн амь насаа алджээ. Тус хотын удирдлага карантины дэглэмийг тавдугаар сарын 31 хүртэл сунгах шийдвэр гаргасан байна. Худалдаа, үйлчилгээ, соёл, спортын байгууллагууд ажиллахгүй хэвээр байх бөгөөд аж үйлдвэр, барилгын салбарынхан л ажилдаа эргэн орж эхэлжээ.

Гудамж, нийтийн тээвэрт амны хаалт, бээлий өмсөөгүй иргэдийг торгох шийтгэлийг мөн цуцлаагүй байна.

Б.Төгсөө

SHARE