АТГ-аас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Д.Ариунболдыг баривчиллаа

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Д.Ариунболдыг АТГ-аас хэдхэн минутын өмнө буюу 2020 оны 5 сарын 4-ний 22:00 цагийн үед баривчилжээ.
Д.Ариунболд нь 2016 оны 8 сараас 2018 оны 4 сарыг хүртэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар ажиллаж байсан юм.
Түүнийг баривчилсан шалтгаан нь Тавантолгойн ордоос алдагдсан нүүрсний хулгайтай холбоотой бололтой.
Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой”-н тусгай зөвшөөрөлтэй талбайгаас Монгол Улсын гурван сая иргэний өмчөөс 268.3 мянган тонн нүүрс хулгайд алдагдсан гэдэг. Мөн хилээр эх үүсвэр нь тодорхойгүй 390 мянган тонн нүүрс гарсныг тогтоосон.
Нүүрс алдагдсан асуудлаар Ерөнхий сайд Засгийн газарт чиглэл өгч Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан 10 гаруй агентлагийг хамруулсан ажлын хэсэг байгуулагдсан байдаг.
МХЕГ, ГЕГ, Татварын ерөнхий газар, Ашигт малтмалын газар зэрэг байгууллагууд хамтарч ажилласан юм. Шалгалтын явцад ГЕГ-аас өгсөн дүгнэлтэд Монгол Улсын гаалиар эх үүсвэр нь тодорхойгүй 390 мянган тонн нүүрс гарсныг тогтоосон байна. Мөн Хил хамгаалах ерөнхий газрын дүгнэлтэд 2013-2017 онд цөөн тооны ачааны автомашин маш олон буюу 35,000 удаа хил нэвтэрсэн талаар дурдсан байна. Зарим нь хоосон хил гарсан гэдэг.
Мөн энэ нүүрсний хулгайтай холбоотойгоор УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний асуудал яригдах бололтой.

Эх сурвалж: news1.mn

SHARE