Клопп: Манэг суулгахгүй бол болохгүй санагдсан, харин энэ удаад …

Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн “Ливерпүүл”-“Атлетико Мадрид”-ын хариу тоглолт өнөө шөнө Улаанбаатарын цагаар 04:00-д эхэлнэ. Тус тоглолтын өмнөх хэвлэлийн хурал дээр Юрген Клопп өрсөлдөгч багийнхан нь “бохир ажил”-даа дэндүү туршлагатайг ойлгож буйгаа ярьжээ.

Хоёр багийн эхний тоглолтод Садио Манэ дээр Мадридын багийнхан тоглолт хийж, хоёр дахь шар хуудсыг нь авахуулахаар бухимдуулж, “шатаах” гээд байсан тул сэлгэхэд хүрсэн юм. Энэ удаад Диего Симеонегийн баг дасгалжуулагчийнхаа хөлбөмбөгч байх үеийнх шиг аргыг мөн дахин хэрэглэж болохыг Клопп мэдэж байгаа бололтой.

“Бид өвөр зуураа энэ талаар ярилцсан. Дахиад ч ярилцахад гэмгүй. Хэрвээ хариу тоглолтод Садио Манэд тулгарсан шиг нөхцөл байдал дахиад үүсвэл энэ удаад би сэлгэхгүй. Эхний тоглолтод эрсдэл гаргаж болохгүй байсан учраас сэлгэсэн юм. Тийм ээ, 1:0-ээр хожигдож явсан. Гэхдээ 10-уулаа үлдсэн бол тэнцүүлэх боломж бүр л багасна шүү дээ.

Иймэрхүү нөхцөлд орсон багт шүүгч их хэрэгтэй байдаг. Бид бие даан юу ч хийх боломжгүй болно. Садио тэр тоглолтод буруу зүйл огт хийгээгүй. Огт хийгээгүй шүү. Тэгсэн хэрнээ л мөдхөн хоёр дахь шар хуудсаа хүртээд, талбайгаас хөөгдчих гээд байгаа юм шиг сэтгэгдэл төрөөд болоогүй.

Өрсөлдөгч багийнхаа шилдэг тоглогчийг дандаа ингээд тоглолтоос гаргаад байдаг бол хөлбөмбөг нэг л биш байгаа хэрэг. Хөлбөмбөгч буруу зүйл хийгээгүй хэрнээ хөөгдөх гээд байна гэдэг аюултай. Тэдний багийн тоглогч бүр л түүн рүү гүйж очоод, тохойгоор нь ёвруулаад унахыг хичээж байлаа. Ийм юм байж болохгүй ээ.

Энэ удаад ч бид тэднээс тийм л тоглолт хүлээж байгаа. Үүнийг одоо “туршлага”-тай тоглолт гэе нэрлэхээс. Бүх талаараа туршлагатай. Тэгэхээр бид юу ч болж байлаа хариултыг өгөхөд бэлэн байх ёстой” хэмээн Клопп мэдэгджээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE