Мөнгө хочит Мейветер “Ньюкасл”-ыг худалдаж авах уу?

Английн “Ньюкасл”-ыг зарахаар тус клубын эзэн Майк Эшли хоёр жил гаруйн өмнө л зар түгээсэн. Гэвч одоо хүртэл зарж чадаагүй байгаа билээ.

Саудын Арабын хаан ширээ залгамжлах хунтайж хүртэл “Шаазгайнууд”-ыг сонирхож буй тухай мэдээлэл тарсан ч эцэстээ яриа хэлэлцээрээс татгалзсан сураг дуулдсан. Тэгвэл “Ньюкасл”-тай дахин нэгэн алдартан нэр холбогдож эхэллээ.

Энэ бол мэргэжлийн боксын рингэнд 50 тулаан хийхдээ нэг ч ялагдаж үзээгүй Мөнгө хочит Флойд Мейветер юм. Forbes-ийн тооцсоноор бол мэргэжлийн боксчны замналдаа Флойд 915 сая ам.долларын хөрөнгө хуримтлуулж чаджээ. Харин “Ньюкасл”-ыг ойролцоогоор 300 сая паундаар зарна гэж зарласан.

“АНУ-д хөлбөмбөгийг бид соккер гэж нэрлэдэг юм. “Ньюкасл” бол гайхамшигтай түүхтэй баг. Мөн багийн бүрэлдэхүүн ч сайн. Хүмүүс намайг “Ньюкасл”-ыг аваасай гэж хүсч буй бол түүнийгээ дуулгана биз дээ” хэмээн Мейветер өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

 

 

 

SHARE