“Ливерпүүл”-ийн эсрэг тоглолтод Дини хэнийг “онилж” тоглосноо ярив

Английн Премьер лигийн 28 дугаар тойрогт “Уотфорд” талбайдаа “Ливерпүүл”-ийг 3:0-ээр хожлоо. Ийнхүү “Ливерпүүл”-ийн хожигдолгүй цуврал 44 дээрээ зогсож, харин “Уотфорд” лигээс унахгүйн төлөөх чухал гурван оноогоо авсан юм. Энэ тоглолтод “Уотфорд”-ын ахлагч Трой Дини өрсөлдөгчдөөсөө хэн дээр тоглохоор онилсон тухайгаа ийн ярьжээ.

“Виржил Ван Дейк бол дэлхийн хамгийн өндөр зэрэглэлийн хамгаалагч. Миний бодлоор одоо цагийн дэлхийн шилдэг таван хамгаалагчдад гарцаагүй багтана. Тэр өндөр нуруутай, хурднаас гадна хүчтэй. Тэгэхээр хэнтэй нь тулж, хэнийг нь “онилж” тоглох вэ гэвэл арай хүч, хурд дутууг сонгох нь зөв биз.

Би Ловренд хүндлэлгүй хандаж буй хэрэг биш шүү. Үнэнээ л хэлж байна. Ловрен ч надтай тэмцэлдэхийг их хүсч буйг мэдэрсэн юм. Гэхдээ надтай тэмцэлдье гэж бодсон хүнд нэг их амар байдаггүй болов уу. Учир нь би тэмцэлдээд сурчихсан хүн.

Эхний гоол дээр ч яг энэ байдал нөлөөлсөн. Хажуугаас бөмбөг гаргахад тэр надтай л тэмцэж, намайг л дийлж гарахыг чармайсан. Харин би тэр агшинд бөмбөг гэлгүйгээр бидний урд ойгоод давж гарахаар байдлаар зориуд үсрээгүй юм. Тэгээд бөмбөг намайг ч, Ловренийг ч даваад дамжуулалт болж бид гоол оруулсан. Ловрен намайг дийлэх гэсэндээ бөмбөгөө умартсан” хэмээн Дини өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE