Артета: Ийм тохиолдолд баг том зовлонд унадаг жамтай

Европа лигийн шөвгийн 32-ийн хариу тоглолтод Английн “Арсенал” талбайдаа Грекийн “Олимпиакос”-ыг хүлээн авч, тэмцээнээс хасагдлаа. Тэд эхний тоглолтод өрсөлдөгчөө талбайд нь 0:1-ээр хожчихсон тул энэ удаад тэнцэхэд л хангалттай байсан юм. Гэвч “Эмирейтс”-т болсон тоглолт үндсэн цагтаа Грекийн багийн 0:1 тэргүүллээр өндөрлөсөн тул нэмэлт хоёр үе сунгасан.

Нэмэлт хоёрдугаар үеийн 112 дахь минутад Месут Озилын хөөргөж дамжуулсан бөмбөгийг Мартинелли мөргөж улмаар Пьер-Эмерик Обамеянг довтолгооны төгсгөлийг гайхамшигтайгаар дуусгаж тоог тэнцүүлсэнээр багтаа дараагийн шатны эрхийг авчрах шиг болсон.

Гэвч нэмэлт хоёрдугаар үе дуусахын өмнөхөн “Олимпиакос”-ынхон сүүлчийн ганц найдлага болсон довтолгоогоороо хожлын гоолыг оруулж, “Их буучид” талбайдаа харамсалтай ялагдал хүлээлээ. Тоглолтын дараагаар Хойд Лондоны багийн шинэхэн дасгалжуулагч Микел Артета ийн ярьжээ.

“Сэтгэл их өвдөж байна. Удаан ч өвдөх байх. Энэ тэмцээнд бид их найдлага тавьж байснаа нуухгүй. Европын цомын тэмцээнд өрсөлдөх сайхан боломж минь энэ байлаа. Тэгээд ч энэ сайхан тэмцээнд түрүүлэхийг бид хүссэн юм.

Өнөөдөр би багийнхаа тоглолтоос олон сайн, эерэг талыг олж харснаа хэлье. Хожчихоор хэмжээний гоолын боломж олныг үүсгэлээ. Гэвч стандартаас хоёр гоол алдчихаар байдал маш хэцүү болж, баг тов зовлонд унадаг жамтай” хэмээн Артета өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE