Клопп: Гвардиола болон тоглогчдынх нь өмнөөс би харамсаж сууна

Европын Хөлбөмбөгийн Холбооноос Английн “Манчестер Сити”-г 2012-2016 онд санхүүгийн тайлан балансаа хуурамчаар үйлдэж, санхүүгийн фэйр-плейг ноцтой зөрчсөн хэмээн үзэж, ойрын хоёр улирал Европын цомын тэмцээнд оролцох эрхийг хассан. Манчестерийн баг Спортын Арбитрын шүүхэд давж заалдах ганц боломжоо ашиглахаар шийдснээ ч зарласан. Хэрвээ Спортын Арбитрын шүүх “Манчестер Сити”-г үнэхээр санхүүгийн фэйр-плейг зөрчсөн гэж үзвэл Английн Хөлбөмбөгийн Холбоо ч тэдэнд хариуцлага тооцож, тодорхой тооны оноо хасах юмуу эсвэл доод лиг рүү шилжүүлэхэд хүрэх юм.

Гол өрсөлдөгчдийн нэг нь ийм байдалд хүрсэнд балмагдсан тухайгаа “Ливерпүүл”-ийн ахлах дасгалжуулагч Юрген Клопп мэдэгджээ.

“Үнэндээ би энэ мэдээг дуулаад балмагдсан шүү. Гэнэтийн юм боллоо. Дасгалжуулагчийн хувиар би Гвардиола болон “Манчестер Сити”-гийн тухай зөвхөн сайн л үг хэлнэ. Англид байх хугацаанд маань тэд гайхалтай сайн баг гэдгийг мэдэрсэн. Үнэхээр гайхалтай баг.

Харин бусад асуудлын хувьд бол ойлгох юм маруухан. Энэ асуудлын гэмийг хэн үүрэх ёстой, ямар хариуцлага тооцох ёстой талаар би хэлж мэдэхгүй. Хөлбөмбөгийн хүрээнийхний хувьд ойлгоход хэцүү л байгааг мэдэж байна. Хамт ажиллаж буй хүмүүстээ итгэж байтал үнэндээ байдал өөр байсныг гэнэт мэдэх амаргүй л байх.

Гвардиола болон тоглогчдынх нь өмнөөс би харамсаж сууна. Гэхдээ энэ бол эхний л шийдвэр. Одоо давж заалдана. Тэгэхээр үйл явцыг үргэлжлүүлэн харцгаая.

Гэвч Европын Хөлбөмбөгийн Холбоо ийм хатуу шийдвэр гаргаж буй юм бол хэцүүхэн л асуудал байгаа нь илт. Хөлбөмбөгийн талаас нь харвал энэ баг гайхалтай сайн тоглодог” хэмээн Клопп өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE