“Барселона” хожигдож, Вальвердег халах эсэх тухай асуултад Суарес, Месси нар хариулав

Испанийн Супер цомын тэмцээн Саудын Арабад болж байна. Өмнө нь Супер цомын тоглолт гэж нэрлэдэг байсан бол энэ жилээс дөрвөн баг оролцуулж буй тул тэмцээн хэмээн нэрийдэж, хөрөнгө орлогоо бодож Саудын Арабад зохион явуулж буй юм.

Шөвгийн дөрөвт “Валенсиа”-“Реал Мадрид”, “Барселона”-“Атлетико Мадрид”-тай таарсан. “Реал Мадрид” өрсөлдөгчөө 3:1-ээр хожиж финалд шалгарсан бол өчигдөр “Атлетико Мадрид”-ынхан 3:2-оор “Барселона”-г буулган авлаа. Ингэснээр Мадридын хоёр баг энэ сарын 12-нд финалд өрсөлдөхөөр юм.

“Барселона” тоглолт дуусахаас 10 минутын өмнө 2:1-ээр хожиж явсан ч дараалан хоёр гоол алдаж, хожигдлоо. Тоглолтын дараагаар Каталоны багийн дасгалжуулагч Эрнесто Вальвердег халах эсэх тухай асуудал дахин сөхөгдөж, Лионель Месси болон Луис Суарес нараас сэтгүүлчид үүнийг л өрсөж асууцгаажээ.

“Вальверде энэ хожигдолд буруугүй. Алдааг хөлбөмбөгчид бид л гаргадаг. Алдаа гаргаж болохгүй. Энэ хожигдол улирлын үлдсэн хэсэгт бидэнд эрч хүч нэмж өгөх эсэхийг хэлж мэдэхгүй байна. Ямартай ч бидэнд засч сайжруулах зүйл байгааг тод харууллаа. Тоглолтын санаачлагыг авч тоглосон хэрнээ сөрөг довтолгоогоор гоол алдлаа” хэмээн Суарес өгүүлжээ.

Мессигээс Вальвердег халах цаг болсон эсэх тухай бодлыг нь асуухад “Хожигдлын дараагаар хүмүүс дасгалжуулагчийг халах тухай ярьдаг нь жирийн үзэгдэл. Одоо бид урьд урьдынхаасаа илүү нэгдмэл байх ёстой” хэмээн хариулжээ.

Мөн Эрнесто Вальвердегаас ажлаа алдаж магадгүй байдал үүссэн тухай асуухад “Дасгалжуулагчид бол үргэлж багаа улам сайжруулахыг л зорьж ажилладаг. Хожигдол бүрийн дараагаар тогтворгүй байдал бий болдог нь хөлбөмбөгийн өөрийнх нь мөн чанар юм. Мэдээж, тэгэхээр ийм яриа үүснэ. Гэхдээ би өөрийнхөө ажлыг үргэлжлүүлэн хийсээр байх болно” гэжээ.

“Барселона”-гийн захирал Гильермо Амороос дасгалжуулагчийг халах эсэх тухай мөн лавлахад “Хожигдол бидэнд их хүнд тусдаг. Гэхдээ урд урт зам байгаа болохоор ажлаа үргэлжлүүлэх ёстой. Олон чухал тоглолт биднийг угтаж байна. Вальвердегийн тухайд бол таны яриад байгаа шиг халж солино гэсэн яриа байхгүй” хэмээн өгүүлжээ.

Харин хожсон багийн дасгалжуулагч Диего Симеоне “75 минутын дараагаар итгэл сэргэж, давшиж эхэлсэн нь бидний дайчин чанар, эр зоригийг илтгэлээ. Бөмбөг эзэмшилт, довтолгооны хүчээрээ дэлхийн шилдэг багийг хожно гэдэг сайхан хэрэг. Хүмүүст хожих боломжгүй мэт санагдсан агшин байсан биз. Харин бид тэнцүүлчихвэл хожиж болох юм байна гэдгээ мэдэрч байсан. Үүний тулд бид нэг баг шиг маш нэгдмэл тоглох ёстой байлаа. Льорентег сэлгээгээр гаргаж, Корреагийн байрлалыг өөрчилсөн нь бидэнд жигүүр хайрлалаа. Сүүлийн хэдэн минутанд бидний хүч чадлыг бүгд харсан байлгүй” хэмээн өгүүлжээ.

Барселона – Атлетико 2:3

Гоол: Коке 46, Месси 51, Гризманн 62, Мората 81-пен, Корреа 86

Барселона: Нето, Умтити, Альба, Пике, Сержи Роберто, де Йонг (Фати, 88), Видаль, Бускетс (Ракитич, 86), Гризманн, Месси, Суарес.

Атлетико: Облак, Лоди (Витоло, 67), Савич, Триппьер, Фелипе, Сауль, Эррера (Коке, 46; Льоренте, 72), Корреа, Томас, Жоао Феликс, Мората.

Шар хуудас: Пике (31), Томас (35), Суарес (45), Савич (45), Фелипе (64), Льоренте (72), Видаль (77), Нето (80).

News1.mn Р.Гэгээ

SHARE