“Барселона”-гийн фанатууд нас барсан тоглогчийг доромжлон хашгирчээ

Испанийн “Барселона”-“Эспаньол”-ын Б багуудын тоглолтын үеэр 2009 онд зүрхний шигдээсээр орь залуугаараа нас барсан Дани Харкег доромжилж, элэглэсэн үгсийг фанатууд хашгирчээ.

“Барселона”-гийн фанатууд цагтаа “Эспаньол”-ын ахлагч явсан Дани Харкегийн нэрийг дурьдан “Хэрвээ Дани чинь гоол оруулбал тэр нь хий үзэгдлийн гоол байх болно” хэмээн хашгиралдсан байна.

“Барселона”-“Эспаньол”-ын тоглолтыг Испанид Каталоны дерби гэж нэрлэдэг. Каталоны дербигийн үеэр ийнхүү залуугаараа ертөнцийн мөнх бусыг үзүүлж, ар гэрийнхэн, ойр дотныхныхоо зүрхийг шимшрүүлсэн хөлбөмбөгчийн ясыг өндөлзүүлж, доромжилсон явдлыг Испанийн Хөлбөмбөгийн Холбоо мөрдөн шалгаж эхэлжээ. Энэ тоглолтод “Барселона Б” 2:0-ээр хожсон байна.

News1.mn Р.Гэгээ

SHARE