С.Жавхлангийн “ханш”-ийг ШИНЭ нам зөвшөөрөөгүй учир зам салжээ

С.Жавхлан бол 2016 оны УИХ-ын сонгуулиар орж ирсэн ганц бие даагч юм.

Тэрбээр нийтийн дууны салбарт “ханхүү” болтол цойлсон шигээ улс төрийн тоглолтод ч гарамгай нэгэн гэдгээ харуулсан.

МАН-ын Засгийн газрыг авч хаях уу, тогтоож үлдэх үү гэдгийг бие даагч С.Жавхлан шийдсэн байдаг. Тэр асуудлыг шийдсэн түүний кноп хэд хүрснийг улс төрийн хүрээнийхэн хэсэг яриад одоо намдсан байна.

С.Жавхлан бие даагч байхын, ганцаараа улс төр хийхийн зовлон их юм гээд нэг хэсэг Ж.Батзандан, Л.Болд хоёртой дөрөө харшуулсан. Тэр үед нөгөө хоёр нь нам ч үгүй болоод байсан үе л дээ. Нэг ТББ байгуулчихсан, нам байгуулна гэж яриад явдаг байв. Монгол даяар тойроход нь зарим аймгаар хамт явж байсан. Тэр үед буюу  2019 оны тавдугаар сарын 2-нд УИХ-ын гишүүн С.Жавхлан Төрийн ордонд мэдээлэл хийж, Ж.Батзандан, Л.Болд нарын байгуулж буй ШИНЭ намд элсэнэ гэж мэдэгдэж байлаа. Тэр “УИХ-д бие даагч гишүүнээр ажиллах нь туйлын хэцүү. Өнгөрсөн хугацаанд иргэдээс УИХ-ын шударга гишүүнтэй нэгдэх хэрэгтэй гэсэн санал ирснийг удаан бодож, улс төрийн намуудыг судаллаа. Ингээд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын байгуулах шинэ намд элсэн, хамтран ажиллахаар шийдсэн” хэмээж байв.

Харин ШИНЭ намын анхдугаар их хурал 2019 оны зургадугаар сарын 6-нд Төрийн Ордонд болж, даргаараа УИХ-ын гишүүн Ж.Батзанданг томилоход тэр хүрэлцэн очоогүй юм.

Эх сурвалжийн мэдээллээр амташсан хэрээ арван гурав гэдэгчлэн С.Жавхлан гишүүн нөгөө хоёртоо “татгалзахын аргагүй санал” тавьжээ. Ингэхдээ “Энэ асуудлыг шийдчихвэл би бэлэн. Тэгээд ч намайг дэмждэг маш олон хүн танай нам руу дагаж орж ирнэ. Тэгэхээр энэ хэлж байгаа тоо юу ч биш” гэсэн байна. Харин Ж.Батзандан, Л.Болд хоёр “ханш”-ийг нь сонсоод, хэсэг зуур гайхачихаад “NO” гэсэн байгаа юм.

Ингэж С.Жавхлан ба ШИНЭ нам гэдэг хоршил зам салжээ.

Энэ мэдээлэлд эргэлзэж байвал Ж.Батзандан, Л.Болд хоёроос асуугаарай.

Эх сурвалж: songogch.mn

SHARE