“Зөв амьдрах ухаан” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр “Зөв амьдрах ухаан” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаа болон менежер Г.Амарсайхан нарыг өөрсдийнхөн хүсэлтийн дагуу хүлээн авч уулзлаа. Хотын Захирагчийн хамт нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдлага болон НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн холбогдох албан тушаалтнууд байлцав.

“Зөв Амьдрах Ухаан” ТББ нь орон гэргүй, орц, траншейнд амьдардаг, архи мансууруулах бодисонд донтсон, засан хүмүүжүүлэх ангиас суллагдсан, өнчин ядуу бүх насны иргэдийг дахин нийгэмжүүлэх, ажил хөдөлмөр эхлүүлэх, сэтгэлзүйн сургалт олгож, нийгэмд эзлэх байр сууриа дахин олоход нь тусалж, бүтээлч иргэн болгон ажлын байраар хангаж, хамтдаа ажиллаж хөдөлмөрлөх боломжийг олгодог байгууллага аж. Тус төрийн бус байгууллагын удирдлагын зүгээс өөрсдийн явуулж буй үйл ажиллагаатай холбоотой зарим зүйлд холбогдох хууль дүрмийн дагуу туслалцаа үзүүлэхийг Хотын Захирагчид уламжилсан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Нийгэмд тустай ажил хийж, олон иргэдийн амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж байгаа та бүхэнд талархал илэрхийлье. Нийслэлийн зүгээр шаардлагатай зүйлээс тусалж ажиллах боломжтой” гээд холбогдох албан тушаалтнуудад санал хүсэлтийг нь хүлээн авч хууль, дүрмийн дагуу асуудлуудыг нь шийдвэрлэж ажиллахыг үүрэг болголоо.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

SHARE