Шинэ нээлтээ өөр дээрээ туршсан АНАГААХ УХААНЫ ЭРДЭМТЭД

ШИНЭ ВАКЦИН ХИЙГЭЭД ӨӨР ДЭЭРЭЭ ТУРШСАН МОНГОЛ ЭМЧ

Ярианы хэлэнд “бохирын шар, “шарлах” гэж нэрлэдэг, анагаахын шинжлэх ухааны нэр томьёогоор элэгний В вирусийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх вакцин олон улсын эмийн зах зээлд хэсэг хугацаанд 100 ам.долларын үнэтэй байв. Нэг хүнд нэг удаа тарих тун вакцин дэлхийд ийм өндөр үнэтэй байсан нь манай улсад уг өвчин газар авч цар хүрээгээ маш тэлсэн 1970-аад оны төгсгөл, 1980-аад оны эхэн үетэй цаг хугацааны хувьд давхацдаг. Америк, Герман зэрэг баян улс орны төр засаг 100 ам.долларын вакциныг иргэн бүртээ үнэ төлбөргүй хийж В вирусийн эсрэг дархлаажуулалтыг амжилттай хэрэгжүүлж байлаа.

Харин Монголд ийм өндөр үнэтэй вакциныг гадаадаас импортлох хөрөнгө мөнгө байсангүй. Вирус судлалын лабораторийн эрхлэгч П.Нямдаваа нэг гарц шийдэл гаргалаа. Гарц нь, дотооддоо монгол вакцин шинээр гаргах. Шинэ вакцинаа өөр дээр туршиж баталгаажуулах. Ном дүрмээрээ бол элэгний В вирусын эсрэг вакциныг зөвхөн сармагчинд тарьж үр дүнг нь баталгаажуулах ёстой. Гэтэл туршилтын “туулай” болгох сармагчин манайд байхгүй. Монгол Улсын хэмжээнд гуравхан сармагчин байсан нь Улсын циркэд тоглуулдаг сургуультай амьтад. Туршилтын сармагчин олдохгүй тул өөр дээрээ туршихаас өөр арга зам байхгүй. Энд нэрийг нь дурдаж буй лабораторийн эрхлэгч нь өнөөдөр бидний сайн мэдэх Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, академич П.Нямдаваа доктор юм.

Ингэхэд вирус гэж, түүнчлэн вакцин гэж юу юм бэ. Вирус нь хүний нүдэнд байтугай ердийн гэрлийн микросопт үл харагдах, бактеритай харьцуулахад хэдэн зуу дахин жижиг нян. Бактериар сэдээгдсэн өвчнийг антибиотикаар эмчилж болдог. Гэтэл вирус антибиотикт дарагдахгүй. Орчин цагт Анагаах ухааны вирус судлал шинэ түвшинд хүрсний үр дүнгээр сүүлийн хориод жилд вирусийн эсрэг эмийг эмчилгээнд нэвтрүүлсэн. Урьд өмнө нь эмчлэгдэхгүй гэсэн ойлголт ноёлж байв.

Вакцин нь халдварт өвчнийг үүсгэдэг нянг ашиглан түүнээс гаргаж авсан, уг өвчнөөс сэргийлэх бэлдмэл. Өвчин үүсгэдэг чанарыг нь багасган, сэргийлэх чанарыг нь ихэсгэж вакциныг гаргаж авдаг.

П.Нямдаваа доктор вирус тээгчээс цус авч тунгаан цэвэрлээд нуклейн хүчил гэдэг үрждэг хэсгээс нь салган Монгол Улсдаа анх удаа шинэ вакцин гаргажээ. Элэгний В вирусийн эсрэг энэ вакцинаа “Хепвак Б” гэж нэрлэсэн бөгөөд үүнийгээ, сармагчны оронд өөр дээрээ туршиж баталгаажуулсан түүхтэй. “Хепвак Б” вакциныг ихээр хийж нийтийн хэрэгцээнд гаргах гэтэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 30 саяас дээш хүн амтай улс орон үйлдвэрлэх нь эдийн засгийн ашигтай тул танайд энэ чиглэлээр санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэхгүй гэсэн хандлагаа илэрхийлсэн байдаг.  П.Нямдаваа нар үйлдвэрийн үнийг нь хямдруулах зорилт тавин ажиллаж байх зуурт гадаадын эрдэмтэд уг вакциныг генетикийн аргаар маш хямд зардлаар гарган авдаг шинэ нээлт хийж, үүний үр дүнд нь олон улсын эмийн худалдааны зах зээлд нэг хүнд тарих тун вакцин нь 50 цент болтлоо хямдарчээ. П.Нямдаваагийн “Хепвак Б” вакциныг нийтийн хэрэглээнд нэвтрүүлээгүй гол шалтгаан нь энэ үнийн хямдралтай холбоотой юм.

100 ам.долларын үнэтэй нэг тун вакцин 50 цент болтлоо хямдарсан нь П.Нямдаваа докторыг Эрүүл мэндийн сайдын алба хаших болсон цаг хугацаатай давхацсан байна. Тэрбээр элэгний В вирусийн эсрэг энэ хямд вакциныг өөрийн орондоо нэвтрүүлэх үйлсэд “ханцуй шамлан” орсон бөгөөд 1987 оноос туршилтын журмаар, 1990 оноос бүх хүүхдэд үнэ төлбөргүй тарих ажлыг удирдан зохион байгуулсан билээ. Энэ вакциныг хэрэглээнд нэвтрүүлсэн дэлхийн анхны таван улсын нэг нь манайх юм. П.Нямдаваа доктор монголчуудынхаа төлөө, тангараг өргөсөн эмчийн үүргээс давсан шийдэл гаргаж шинээр хийсэн вакцинаа, амь эрсдэх аз эзийн дэнсэн дээр тавьж өөр дээрээ туршсантай агаар нэгэн адил түүхэн гавьяат үйлс бүтээсэн эрхмүүд дэлхийн анагаахын шинжлэх ухааны салбарт төрсөн байдаг.

 

НЭЭСЭН ХЕЛИКОБАКТЕРИА УУЖ, БУСДЫГ ИТГҮҮЛСЭН ЭРДЭМТЭН

1984 онд Австралийн анагаах ухааны “Medical Journal of Australia” сэтгүүлд гарсан нэг нийтлэл дэлхий даяар шуугиан дэгдээсэн юм. Уг нийтлэлийн агуулга иймэрхүү. “Австралийн залуухан эрдэмтэн Маршалл, туршлагатай эрдэмтэн Уоррины хамт хоёул хүний ходоод үрэвсэх, арванхоёр нугалаа гэдэс шархтай болох, цаашлаад хавдар үүсэх гол буруутан бактерийг шинээр олж илрүүлсэн байна. Тэд өвчин үүсгэгч бактерийг “хеликобактери пилори” гэж нэрлэжээ. Гэтэл эдгээр эрдэмтдийн нээлтийг бусад нь хүлээн зөвшөөрсөнгүй. Эрдэм шинжилгээний лабориторид гахайнд туршилтын сорилт хийхэд уг нээлт нь сайн батлагдаагүй тул арга ч үгүй биз. Шинэ нээлтдээ итгэл төгс эрдэмтэн Маршалл үл ойшоогчдыг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд шилэнд байсан хелибактеритай шөл ууж өөр дээрээ туршилт хийлээ. Түүний эрүүл ходоод нь үрэвсч, улмаар шарх үүссэн бөгөөд 14 хоногийн турш зохих эмчилгээ хийлгүүлж хелибактериа устгуулахад ходоод дотор нь эргээд эрүүл саруул болж бүрэн эдгэрсэн байна. Анагаахын шинжлэх ухаанд эргэлт авчирсан шинэ нээлтээ зохиогч амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавьж өөр дээрээ туршин ийнхүү баталгаажууллаа” гэж бичсэн байв.

Авсралийн эрдэмтэн Барри Маршалл нь шинээр нээсэн хеликобактериар 1984 онд өөрийгөө өвчлүүлж туршихдаа 33-тай байжээ. Тэрбээр үүнээс 21 жилийн дараа 2005 онд нутаг нэгт Робин Уоррентой хамт уг нээлтээрээ физиологи, анагаах ухааны Нобелийн шагнал хүртсэн. Хүн төрөлхтний сайн сайхны төлөө Барри Маршалтай агаар нэгэн адил шийдэл гаргаж, хумхааны эсрэг шинээр гаргасан эмийнхээ эдгээх үйлчилгээг үнэмшүүлэхийн тулд, анхлан өөрөө эхлээд зориуд хумхааны халдвар авч өвчлөөд, дараа нь эмээ хэрэглэж үр дүнг нь баталгаажуулсан эрдэмтэн бол манай урд хөршийн Юүюү Ту хатагтай. Тэрбээр хумхааг эмчлэх шинэ эм гаргасан нээлтээрээ физиологи, анагаах ухааны салбарт 2015 оны Нобелийн шагнал авсан.

 

ХУМХААГААР ЗОРИУД ӨВЧИЛЖ,  ШИНЭ ЭМЭЭ БАТАЛГААЖУУЛСАН ХАТАГТАЙ

 

-Өс хонзон гэж юу вэ? гэж асуухад зохиолч Жагдалын Лхагва гуай:

-Өчүүхэн шумуулыг устгах гэж өөрийгөө зодох хэмээн хариулж билээ. Түүний хариултыг афоризм гэж үзэж болно. Гар дээр нь сууж ганц хатгасныхаа шийтгэлд амиа алдаж, бодио хөтлүүлнэ гэдэг монгол газрын шумуулд хэтийдсэн ял гэдэг утгаар хэлж байсан.

Харин халуун орны, ширэнгэ ойн хумхааны шумуулд хатгуулсны дараа байтугай, хатгахаас нь урьтаж устгах ёстой. Энэ нь тэдгээрт таарсан маш шударга шийтгэл аж. Учир нь, монгол газрын шумуул ертөнцийн жамаар зүгээр л амьд явах гэж та бидний цусыг сорж, хооллож байгаа. Харин нөгөөдүүл болохоор ингэж хооллохын зэрэгцээ халуун хумхааны вирусийг таны биед тарьчихаад явдаг байх юм. Шулуухан хэлэхэд байгалийн террорист.

Энэхүү хумхааны вирус тээгч 41 төрлийн 3600 зүйлийн террорист шумуулаас болж жилд дэлхий даяар 3.3 тэрбум хүн айдастай амьдарч (халдвар авах магадлалтай бүсийн), 250 сая нь өвчилж, 0.5-1.0 сая нь хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг гэсэн статистик бий. Хумхаа өвчний олон улсын нэр томьёо нь “малариа”. Малариа гэдэг нь италиар “муу агаар” гэсэн үг бөгөөд энэ нэрийг эрдэмтэн Уэлпул 1740 онд уг өвчний тухай бичихдээ анх хэрэглэжээ. Дөрвөн зүйлийн хумхаа үүсгэгч байдаг бөгөөд 1902 онд физиологи, анагаах ухааны салбарт Нобелийн шагнал авсан Британийн эрдэмтэн Рональд Росс нь “малариа” үүсгэгчийг шумуул дамжуулдаг болохыг 1889 онд анх нээсэн. Тэрбээр өвчнийг тараагч нь шумуул гэдгийг тогтоогоод зогсохгүй шумуулын хоол боловсруулах эрхтэнд байдаг шимэгч (паразит) нь хумхаа үүсгэдэг болохыг нотолсноор уг аюулт өвчинтэй тэмцэх эмчилгээг зөв голдиролд нь оруулсан эрхэм.

Хятадын Анагаах ухааны академийн эрдэм шинжилгээний ажилтан хатагтай Юүюү Ту 1969 онд Хятадын удирдагч Мао Зэдуны даалгавраар хумхааны эсрэг шинэ эм гаргах ажилд ханцуй шамлан орсон байна. 1960-аад он бол хумхаа өвчнийг тээгч шумуул Ази, Африкийн халуун уур амьсгалтай ихэнх улс, түүний дотор Хятадын олон мужид юу болов гайхахаар өсч үржиж, үүнээс үүдэн хумхаа өвчний дэгдэлт гамшгийн хэмжээнд тулсан үе. Нөгөөтэйгүүр хумхааны эсрэг хэрэглэж байсан эм, бэлдмэлүүд урьд өмнөх шигээ үйлчилж чадахаа больсон байв. Юүюү Тутай зэрэгцэн олон зуун эмзүйч, эрдэмтэн хумхааны эсрэг үр дүнтэй эмчилгээний арга олохоор шинжилгээ судалгаа, туршилт явуулжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан тооцоогоор нийт 240 мянган сорилын ажил хийсэн байдаг. Гэсэн хэдий ч ямар ч нааштай сайн үр дүн гарсангүй.

Юүюү Ту хатагтай нь хумхааны эсрэг шинэ эмийг Хятадын уламжлалт анагаах ухаан дээр суурилсан жороор гаргаж авч болно гэсэн итгэл үнэмшил тээж явжээ. Түүнд итгэл найдвараас гадна гар нийлсэн баг байлаа. Юүюү Тугийн ахалсан эрдэм шинжилгээний багийнхан 1971 он хүртэлх хоёр жилийн хугацаанд Хятадын эртний эмийн хоёр мянган сударт дүн шинжилгээ хийж 200 гаруй ургамлаас 380 төрлийн эмийн бэлдмэл шинээр зохиож хулгана дээр туршлаа.

Эдгээрээс ердөө ганцхан нь буюу 1600 жилийн өмнөх эмийн сударт бичсэн халуун бууруулах зориулалттай “Artemisia annua” гэдэг ургамлаас гаргасан эмийн шинэ ханд л хумхааны эсрэг үйлчилгээ үзүүлэх шинж чанартай байгааг тогтоосон байна. Хатагтай Юүюү Ту нэг жилийн дараа буюу 1973 он гэхэд хумхааг эмчлэх шинэ эмээ бүрэн боловсруулж гарган авч чаджээ. Эхлээд хулгана дээр, дараа нь сармагчин дээр, эцэст нь өөр дээрээ туршиж үр дүнг нь баталгаажууллаа. Өөр дээрээ туршсан гэдэг нь халуун хумхаа үүсгэгчээр өөрийгөө зориуд өвчлүүлээд дараа нь шинэ эмээ хэрэглэж илааршиж байгааг батлан харуулах үйл явц. Энэ нь зөвхөн эрдэмтэн хүнд л байдаг иргэний эр зориг бөгөөд хүн дээрх анхны туршилт гэдгээрээ амь насаа ч алдах эрсдэлтэй алхам юм. Тэрбээр хумхааны эсрэг шинэ эмээ нэрлэхдээ гаргаж авсан ургамлын нэрийг харгалзаж “Артемицина” гэсэн байдаг. Хатагтайг өөр дээрээ шинэ эмээ туршсанаас хойш хумхаа туссан олон зуун хүн айж эмээлгүй өөрсдөө хүсэлт гарган “Артемицина”-гаар эмчлүүлэн эдгэж байв. Туршилтад сайн дураараа орох хүмүүс ч гарч ирлээ. Хачирхалтай нь, Хятадын Анагаах ухааны академиас болсон уу, эсвэл Юүюү Ту хатагтайгаас өөрөөс нь хамаарсан уу, хумхааны эсрэг шинэ эм гаргасан тухай хожуу хойно 1977 онд олон улсад зарласан ажээ.

“Артемицина” эм гарснаар халуун хумхаа өвчний эмчилгээнд хувьсгал хийсэн гэдгийг манай өмнөд хөршийн төдийгүй, олон улсын эрдэмтэн мэргэд хүлээн зөвшөөрч байв. Гэвч Юүюү Ту хатагтайн тухай, түүний хийсэн шинэ эмийн талаар харьцангуй бага дуугарч байлаа. Харин түүнд 2011 онд АНУ-ын Шинжлэх ухааны академийн Ласкерын шагнал (“Америкийн анагаах ухааны Нобель” гэгддэг) өгсөн нь хумхаа өвчнийг бүрэн эмчлэх үйлчилгээтэй “Артемицина” эм, Юүюү Ту хатагтайн талаар маш дэлгэрэнгүй сурталчилгаа болж, дэлхий дахиныг анхаарлаа хандуулж ач холбогдлыг нь бодитойгоор үнэлэх цаг болсныг сануулсан үйл явдал байлаа. 250 мянган ам.доллар дагалддаг Ласкерын шагналтнуудаас 86 нь хожмоо Нобелийн шагнал хүртсэн байдаг нь уг шагнал ямар бодит шалгууртайг баталдаг. Хатагтай Юүюү Ту энэ шагналын ёслол дээр “Миний хувьд хамгийн том шагнал нь хумхаа өвчнөөс аврагдсан маш олон хүний баяр баясгалан, аз жаргал” гэж хэлсэн. Уг шагналыг авснаас хойш дөрвөн жилийн дараа 2015 онд Нобелийн шагнал авсан суут эрдэмтэн Юүюү Ту хатагтай одоо Хятадын анагаах ухааны академид эрдэм шинжилгээний ахлах ажилтан гэсэн даруухан алба хашиж буй. 1930 онд төрсөн энэ эрдэмтэн физиологи, анагаах ухааны салбарт Нобелийн шагнал хүртсэн 12 дахь эмэгтэй юм.

 

ТӨГСГӨЛИЙН ОРОНД

Хумхаа өвчин хэрхэн тархдаг  талаар мэргэжлийн нэг номд их аятайхан, ойлгомжтой тайлбарласныг уншигчдадаа хүргэе. “Тархах хамгийн түгээмэл зам нь нүүдэллэн явагч гурав дахь биетээр дамжих. Учир нь шумуулын хатгуур вирусийг шууд л өөр амьтны цус руу юүлдэг бөгөөд тэнд нь шинэ золиосны дархлааны механизм шинэ довтлогчийг таньж авахаас өмнө дураараа дургина даа. Ийм учраас шар чичиргэнэ, энцэфалитис гэх мэт гоц халдварт өвчин нь хумхааны нэгэн адил ихэнхдээ шумуулд хазуулснаас тархдаг. Гэхдээ бидний яльгүй аз болоход ДОХ, ХДВХ тархалтын энэ жагсаалтад байхгүй. Үнэндээ шумуул хэрвээ ХДВХ сорох юм бол шумуулын өөрийнх нь метаболизмд задардаг” гэж бичжээ.

Дээрх бичвэрт хүнтөрөлхтний “яльгүй аз”-ын тухай өгүүлжээ. Монголчууд бидний хувьд бас нэгэн “яльгүй аз” байгаа нь жилийн дөрвөн улиралтай, эрс тэс уур амьсгалтай манай газар нутаг бол хумхааны шумуулын өсч үржих, дураараа амьдран өвчин тараах диваажин биш. Тэдний диваажин бол Африк тив, Өмнөд Америкийн Бразил, Зүүн өмнөд Азийн Тайланд, Индонез зэрэг халуу шатсан эх газар, эсвэл чийг ханхалсан ширэнгэн ойтой улс орон билээ. Монгол Улсад хумхаагаар өвчилсөн тохиолдол сүүлийн жилүүдэд гэхэд 2009-2018 онд нийт 14 монгол хүн, мөн өнгөрсөн онд ХААН банкинд ажиллахаар ирсэн Энэтхэг улсын нэг иргэн бүртгэгдсэн. 14 монгол хүн нь бүгдээрээ хилийн чанадад, Энэтхэг, Хойд урд хоёр Солонгос улс, Африкийн зарим оронд сурч, ажиллаж амьдарч, аялан жуулчилж явахдаа шумуулд хазуулж хумхааны халдвар авсан ажээ. Тэгэхээр “зөвхөн Монголдоо” байхад шумуулд хатгуулаад хумхаа тусах магадлал 0 (тэг) юм байна.

 

Б.ЕРЭНТЭЙ (МУ-ын СГЗ)

Эх сурвалж: Aguulga.mn

SHARE