Санья: “Арсенал” клуб биш цирк болжээ

Мэжор лигийн “Монреаль Импакт” багт тоглож буй франц хамгаалагч Бакари Санья 2007-2014 онд Английн “Арсенал”-д зүтгэж байсан билээ. Тэрбээр хуучин багийнхаа “Манчестер Сити”-д 0:3-аар хожигдсон тоглолтын дараагаар байр сууриа илэрхийлжээ.

“Тэд клуб биш цирк болжээ. Хэн удирдаж, хэн ямар шийдвэр гаргаад байгааг ойлгохын аргагүй. Хөлбөмбөгчид нь өөртөө итгэх итгэлгүй харагдаж байна. Дараагийн тоглолтод хэн тэднийг удирдахыг мэдэхгүй хөлбөмбөгчдөд ямар итгэл байх билээ. Ер нь нөхцөл байдал хэцүү харагдана. Сайн мэргэжилтнийг олж сонгож томилж байж л тогтвортой сайн тоглох боломжтой. Сүүлийн жилүүдэд улирал бүрийн дараагаар тоглогчид нь тэндээс бүлэг бүлгээрээ явцгаах болсон. Ийм явдал эхэлснээс хойш олон ч жил өнгөрлөө.

Гэхдээ багт сайн тоглогчид бас бий. Месут Озил, Пепе гээд. Хамгаалалтын тоглогчид нь муу байна гэж хүмүүс шүүмжлэх янзтай. Үгүй ээ, хамгаалагчдадаа итгэж, итгэл өгч чадвал тоглочихож чадна. Залуу сайн тоглогчид ч харагдаж л байгаа. Тэднийгээ хадгалж үлдээд сайн баг босгох хэрэгтэй” хэмээн Санья өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE