Стерлинг Гомесийг шигшээгийн цугларалт дээр багалзуурдаж, нэг тоглолтоор шийтгүүлэв

Хэдхэн хоногийн өмнө “Ливерпүүл”-“Манчестер Сити”-гийн тоглолтын үеэр толхилцоод амжсан Рахим Стерлинг Жо Гомес нар Английн шигшээгийн цугларалт дээр барилцаж авах шахжээ. Өмнөх тоглолтын хилэн нь дарагдаагүй яваа хоёр тоглогч зөрчилдсний улмаас Стерлингийг шигшээгээс түр чөлөөлсөн байна.

Шигшээ багийнхан өдрийн зоог барих үеэр Гомес Стерлингтэй очиж мэндэлсэн юм байна. Гэтэл хариуд нь уурлаж, “Чи одоо тийм лут хүчтэй залуу болчихсон хэрэг үү, тэ?” гээд Гомесийн багалзуураас Стерлинг бариад авахад багийнхан нь эхлээд наргиа хийж байна гэж бодсон гэнэ. Гэвч хэрэг бишдэж буйг мэдээд тэднийг салгасан аж. Харин Жо Гомесийн хувьд Стерлингийн эсрэг ямар нэгэн хариу үйлдэл хийлгүй, тэвчээртэй хандсан аж.

Болсон явдлаас хойш хэдэн цагийн дараагаар Рахим Стерлинг тайвширч, Гомесоос уучлалт гуйсан сурагтай.

“Тэр тоглолт миний хувьд хичнээн чухал байсныг бүгд мэдэх биз. Мөн байсхийгээд л асуудал үүсгэж явдаг хүн биш гэдгийг минь ч хүмүүс мэднэ. Жо бид хоёр дараа нь ярилцаад ойлголцсон. Спортод сэтгэл хөдлөлдөө автах өдөр бишгүй л таардаг. Тухайн агшинд бухимдлаа барьж дийлэх ёстой байснаа би ойлгож байна. 5-10 секундын хугацаанд л хяналтаа алдаж ийм явдал боллоо. Жо бид хоёрын харилцаа урьдын адил хэвийн болсон. Энэ явдалд их ач холбогдол өгөх хэрэггүй. Ирэх пүрэв гаригийн тоглолтод бүх анхаарлаа төвлөрүүлье” хэмээн Стерлинг өгүүлжээ.

Английн шигшээ багийн дасгалжуулагч Гарет Саутгейт болсон явдлын улмаас Стерлингийг гэр рүү нь буцаах гэснээ түр азнаж, нэг тоглолт өнжүүлэхээр шийдсэн байна. Үүнийг Английн Хөлбөмбөгийн Холбоо ч нотоллоо.

“Энэ удаагийн тоглолтод Рахимыг оролцуулахгүй байхаар бид шийдсэн. Клубүүдийн өрсөлдөөнийг шигшээгийн тоглолтоос ялгаж сурах нь бидний гол үүргийн нэг. Харамсалтай нь “Ливерпүүл”-“Манчестер Сити”-гийн тоглолтын сүүдэр өнөөдөр шигшээд багт туслаа. Тиймээс энэ удаад Рахимыг шигшээд тоглуулахгүй нь дээр гэж бид шийдсэн. Үүнтэй багийн бүрэлдэхүүн бүгд санал нийлсэн” хэмээн Гарет Саутгейт мэдэгдлээ.

Рахим Стерлинг Евро 2020—ын урьдчилсан хэсгийн зургаан тоглолтод оролцохдоо найман гоол оруулж, таван гоолын дамжуулалт өгсөн нь түүнийг шигшээдээ хичнээн чухал хүн болохыг илтгэнэ.

Рахимыг нэг тоглолт өнжөөхөөр болсон шийдвэрийн талаар Рио Фердинанд бодлоо хэлжээ. “Яагаад багийн доторхи асуудлыг гадагш нь дэлгэж тавиад байгаа юм бэ? Толгой хагаравч малгай дотроо, тохой хугаравч ханцуй дотроо гэдэг биш билүү? Дэлхийн хэмжээний хөлбөмбөгчийг багийнх нь эсрэг Саутгейт тавьчихлаа. Дасгалжуулагч шийдвэр гаргах ёстой нь үнэн ч гэсэн энэ асуудал дээр бол Стерлингийг ойлгож хүлээн авах ёстой байсан болов уу. Одоо тэр ганцаархнаа орхигдлоо. Хэвлэл мэдээлэл, үзэн ядагчид, фанатууд гээд бүгд шүүмжилж эхэллээ. Одоо түүнд улам хэцүү болж ирнэ. Саутгейт өөрөө хөлбөмбөгч байхдаа иймэрхүү явдалтай таарч л байсан. Хожигдлын хор шарандаа автаад буруу үйлдэл хоромхон зуур хийснийг ойлгож болох. Мөн том сургамж болсон нь илт” хэмээн Рио Фердинанд өгүүлжээ.

Р.Гэгээ

SHARE