Хакухо унаж, Хошёорюү хоёр дахь барилдаандаа Гагамаруг давлаа /бичлэг/

Японы мэргэжлийн сумогийн Кюүшюү башёгийн хоёр дахь өдөр ёкозүна Хакухо өрсөлдөгч Дайэшёод ялагдлаа.

Түлхүүлэн дэвжээний захад очсон ёкозүна нэгэнт ялагдснаа хүлээн зөвшөөрч, өөрөө олсны гадна гишгэсэн юм. Ингэснээр эхний хоёр өдрийн дараагаар нэг даваа, нэг унаатай боллоо.

Маэгаширагийн дөрөв дээрээс босч буй Тамаваши Б.Мөнх-Оргил Такарафүжигийн өмнө бүтэн эргэж үзүүлсэн ч өрсөлдөгчөө давж чадснаар хоёр даваагаа авав.

Озэки Гоэйдо эхний өдрийн барилдаанд комүсүби Эндод унахдаа зүүн хөлөө эвгүй гишгэсний улмаас тэмцээнийг гэмтлийн улмаас орхилоо.

Өмнөх башёд түрүүлсэн сэкиваке Митакеуми комүсүби Хокутофүжид зайлж татуулан унаснаар нэг даваа, нэг унаатай боллоо.

Сэкиваке Такакейшод Асанояма өөрийн барилдаанаа гаргах ямар ч боломж өгөлгүй, хүчтэй түрээд зөрүүлж татан давлаа.

Жюүрёо зиндаанд анх удаагаа дэвшин барилдаж буй Д.Долгорсүрэн зааны том хүү Д.Сугаррагчаагийн хүү С.Бямбасүрэн буюу Хошёорюү хоёр дахь өдрийн барилдаанд 211 кг жинтэй гүрж сумоч Гагамаруг дэвжээнээс түлхэн гаргаж, дараалан даваа авлаа. 20 настай Хошёорюү өнөөдөр үе тэнгийн Котошохотой учраа таарчээ.

Кюүшюү башёгийн Макүүчи зиндааны хоёр дахь өдрийн барилдааны бичлэг

Кюүшюү башёгийн Макүүчи зиндааны хоёр дахь өдрийн барилдааны дүн

Кюүшюү башёгийн Макүүчи зиндааны гурав дахь өдрийн барилдааны оноолт

Р.Гэгээ

 

 

SHARE