Испанийн Супер цомын тэмцээнд дөрвөн баг оролцуулж, харь оронд зохионо

Испанийн Супер цомын тэмцээнийг ойрын гурван жилдээ Саудын Арабад зохион явуулахаар болжээ. Үүний төлөө Ойрхи Дорнодын улс 120 сая евро төлсөн байна.

Өнгөрсөн зуны сүүлчээр Испанийн Супер цомын төлөө Ла лигийн аварга “Барселона”-тай цомын аварга “Валенсиа” тоглох ёстой байсан. Гэвч тус тоглолтыг хойшлуулсны зэрэгцээ шинэ журмаар явуулахаар болжээ. Тоглолтыг хүмүүс бараг сонирхдоггүй, үзэгч цөөтэй болдог тул олны анхаарлыг татах үүднээс энэ жилээс эхлэн дөрвөн баг өрсөлдүүлэхээр шийдсэн байна. Ингээд дээрх хоёр баг дээр “Реал Мадрид” болон “Атлетико Мадрид”-ыг урьжээ.

Хагас шигшээд “Барселона”-“Атлетико Мадрид”, “Реал Мадрид”-“Валенсиа”-тай тоглож хожил авсан хоёр баг Супер цомын төлөө тулах юм.

Испанийн Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч Луис Рубиалесийн өгүүлснээр бол ингэж журмыг өөрчилж, өөр улсад зохиохгүй бол тэмцээнийг хаахаар хэмжээнд хүрчихээд байсан гэнэ.

“Саудын Арабаас бидэнд ашигтай санал ирсэн. Хэрвээ ийм санал ирээгүй бол Супер цомын тоглолтыг бүр цуцлахад ч хүрэх байлаа. Мэдээж, энэ бол мөнгөний асуудал. Тус тэмцээнээс орсон бүх орлогыг эмэгтэйчүүд, хүүхдүүд болон сонирхогчдын хөлбөмбөгийг хөгжүүлэхэд зориулна. Биднийг шүүмжлэгсэд олон байгаа нь үнэн. Гэхдээ эдгээр шүүмжлэгчдийн ихэнх нь өөрсдийн компанийн ашиг орлогоо бодсон хүмүүс гэдгийг бас хэлэх хэрэгтэй байх” хэмээн Рубиалес өгүүлжээ.

Үүн дээр нэмж маргаан дагуулж буй нэг асуудал бол тэмцээнд оролцсны төлөө “Барселона” болон “Реал Мадрид”-д тус бүр 8 сая евро олгох хэрнээ “Валенсиа” болон “Атлетико Мадрид”-д тус бүр 3 сая евро төсөвлөсөн юм байна. “Валенсиа”-гийн ерөнхийлөгч үүнийг “Шударга бус хуваарилалт” гэж эгдүүцсэн бол “Атлетико Мадрид”-ын ерөнхийлөгч “Мөнгө хамаагүй. Бид заавал энэ тэмцээнд оролцоно” гэх дайчин хариулт өгчээ.

Саудын Арабын хувьд бол сүүлийн хэдэн жил Европын хөлбөмбөгийг эх нутагтаа урих нь элбэг болсон орон. Энэ оны эхний сард л гэхэд Италийн Супер цомд “Ювентус”-“Милан”-д тэнд очиж тоглосон удаатай. Мөн ирэх арванхоёрдугаар сарын 22-нд “Ювентус”-“Лацио”-гийн тоглолт товлогдсон байгаа.

Испанийн Ла лиг энэ өвөл арванхоёрдугаар сарын 22-нд тоглолт хийгээд хоёр долоо хоног амрах өвлийн хуваарьтай. 2020 оны нэгдүгээр сарын 4-5-нд Ла лигийн ээлжит тойргийн тоглолттой. Харин үүний дараагаар дахиад хоёр долоо хоног “цонхтой” юм. Тиймээс энэ хугацааг ашиглаж Супер цомын мини-тэмцээн зохиохоор санаа сэдсэн нь ажээ.

Дахин илүү тодорхой сануулахад, 2020 оны нэгдүгээр сарын 8-нд “Реал Мадрид”-“Валенсиа”, маргааш нь “Барселона”-“Атлетико Мадрид” тоглоно. Харин Супер цомын аваргыг мөн сарын 12-нд тодруулах юм. Тоглолтууд Жидда дахь Хунтайж Абдулла аль-Файсалын нэрэмжит 62 мянган үзэгчийн суудалтай стадионд болох юм.

Жидда бол Саудын Арабын Эдийн засгийн нийслэл гэгддэг 3.6 сая хүн амтай томоохон хот юм.

Р.Гэгээ

 

 

 

SHARE