“Ливерпүүл”-“Манчестер Сити”-гийн тоглолтын тухай Клопп, Гвардиола, Александер-Арнольдын яриа

Английн Премьер лигийн 12 дугаар тойрогт өмнөх улирлын аварга “Манчестер Сити” энэ улиралд лигийг тэргүүлж яваа “Ливерпүүл”-ийн талбайд зочлов. Тоглолтын өмнө спортын нарийн мэдлэгтэй экспертүүд хүртэл хоёр багийн алийг нь хожихыг хэлж чадахгүй, тэнцэж дуусна гэж таамаглаж байлаа. Бооцоо тавигчид ч тэнцэнэ гэсэн мөрий голцуу тавьжээ.

Гэвч “Ливерпүүл” өрсөлдөгчөө 3:1-ээр хожсоноор 34 оноотой болж, аман хүзүүнд яваа “Лестер”-ээс найман онооны илүүгээ хадгалан үлдлээ. Тоглолтын дараагаар хоёр багийн дасгалжуулагчид болон мөн хамгаалагч Трент Александер-Арнольд юу ярьсныг дуулгая.

“Үнэнээ хэлэхэд, би ямар ч дарамт мэдрэхгүй байна. Хэрвээ та биднийг дэмждэг бол “Сити”-гээс есөн оноогоор сална гэдэг их сайн дүн гэдгийг хүлээн зөвшөөрөх биз. Харин манай багийг дэмждэггүй хүмүүс бол “Одоо онооны зөрүү үүнээс илүү холдохгүй. Харин ч улам ойртох болно” гэнэ. Энэ бол сөрөг хандлага юм л даа. Гэхдээ дахиад хэлэхэд, энэ бүхэн бидэнд дарамт болохгүй ээ.

Өнөөдөр бид тоглолтод бүх анхаарлаа хандуулж, төвлөрч чадлаа. “Сити”-гээс хэдэн оноо илүү яваагаа юмуу эсвэл лигийг тэргүүлж буйгаа бодолгүй тоглож чадлаа. Ер нь “Сити”-гээс есөн оноогоор тасарна гэдэг итгэмээргүй галзуу дүн. Үнэн гэж итгэхэд ч бэрх санагдана.

Гэхдээ арваннэгдүгээр сард лигийг тэргүүлж явах тийм ч чухал биш. Тавдугаар сард л тэргүүлж дуусгах хэрэгтэй. Одоо дөнгөж арваннэгдүгээр сар дундаа орж явна. Одоогоор дарамт алга. Аажимдаа мэдрэгдэх байх л даа.

Бид өмнөх тоглолтоо л бодож, оноогоо бүтнээр, бүхлээр нь авч явахыг хичээх ёстой. Тэгээд юу болохыг харцгаая” хэмээн “Ливерпүүл”-ийн ахлах дасгалжуулагч Юрген Клопп өгүүлжээ.

Тэгвэл “Манчестер Сити”-гийн ахлах дасгалжуулагч Пеп Гвардиола ийн ярьсан байна. “Өнөөдөр бид яагаад аварга болсон бэ гэдгээ харууллаа. Бид гайхалтай сайн тоглолоо. Урьд байгаагүйгээрээ  өнөөдөр багийнхнаараа бахархаж байна. Бид Европын шилдэг багийн эсрэг стадионд нь маш сайн тоглолоо. Маш сайн тоглосон. Яагаад хоёр жил дараалан Премьер лигт түрүүлснээ харууллаа.

Бидний өмнө дахиад бүтэн долоон сар байна. Хэрвээ “Ливерпүүл” энэ улиралд аварга болвол тэдэнд эхэлж баяр хүргэх хүн нь би байх болно. Маш сайн баг гэдгийг нь би үгүйсгэхгүй.

“Ливерпүүл”-ийн хаалганд пенальти заах ёстой байсан уу гэж үү? Үүнийгээ шүүгчээс л асуу. Надаас ийм зүйл бүү асуу гэж та бүхнээс гуйя. Майк Райли болон VAR-ийг хариуцаж буй хүмүүсээс асуу. Надаас битгий асуу” хэмээн Гвардиола мэдэгджээ.

Харин Гвардиолагаас асуугаад буй пенальтийн тухай асуудлын үндэс болсон “Ливерпүүл”-ийн хамгаалагч Трент Александер-Арнольд ингэж хэлжээ.

“Пенальти заах эсэхийг VAR шийддэг. Бөмбөг миний гарт хүрэхээсээ өмнө Бернардогийн гарт хүрсэн шүү дээ. Хэдийгээр тэд пенальти гэж хашгиралдсан ч гэсэн шүүгч зогсоогоогүй цагт тоглолтыг үргэлжлүүлэх ёстой.

Бид форм сайтай, сайн тоглож байна. Мөн өөрийн талбайдаа тоглоход фанатуудын дэмжлэгээр давуу талтай болдог. Энд тоглох бүртээ гурван оноо л авахаар тэмүүлдэг. Авах ч ёстой.

Өнгөрсөн улиралд бид 97 оноо авсан. Гэвч ийм өндөр оноо хүртэл аварга болоход хүрэлцээгүй. Энэ улиралд ч бид төдий дайны оноо цуглуулах ёстойгоо мэдэж байгаа. Ийм тоглолт мэдээж ширүүн тэмцэлд өрнөх нь тодорхой. Эцсийн эцэст бидний хожихын их хүсэл тоглолтын дүнг шийдлээ” хэмээн Александер-Арнольд өгүүлжээ.


Ливерпүүл – Манчестер Сити 3:1

Гоол: Фабиньо 6, Салах 13, Манэ 51, Бернардо Силва 78

Ливерпүүл: Алиссон, ван Дейк, Александер-Арнолд, Ловрен, Робертсон, Фабиньо, Хендерсон (Милнер, 61), Вейналдум, Манэ, Салах (Гомес, 87), Фирмино (Окслейд-Чемберлен, 79).

Манчестер Сити: Браво, Анхелиньо, Уолкер, Стоунс, Фернандиньо, Родриго, Гундоган, Бернардо Силва, де Брюйне, Стерлинг, Агуэро (Габриэл Жезус, 71).

Шар хуудас: Родриго (65).

Р.Гэгээ

SHARE