Хошёорюү Жюүрёо зиндаанд хутгах мэхээр анхны даваагаа авлаа /бичлэг/

Японы мэргэжлийн сумогийн энэ оны сүүлчийн башё Фукуока хотноо өчигдөр эхэллээ.

Кюүшюү башёгийн эхний өдөр ёкозүна Хакухо өмнөх Аки башёд ялагдсан Хокутофүжигээс даагаа нэхэж, давлаа.

Мөн өмнөх башёд түрүүлсэн сэкиваке Митакэуми тэмцээнээ даваагаар эхлүүлэв. Тэрбээр Мёгирюүг давсан юм.

Митакеумитай Аки башёгийн түрүү бөхийн төлөө нэмэлт барилдаан хийж ялагдсан сэкиваке Такакейшо ч Окиноумиг дэвжээнээс түлхэн гаргаж давлаа.

Энэ башёгийн онцлог болсон дөрвөн комүсүбигийн нэг Эндо озэки Гоэйдог давсан юм. Маэгаширагийн дөрөв дээрээс босч буй Тамаваши Б.Мөнх-Оргил Такарафүжигээр эхний даваагаа авлаа.

Ёкозүна Какурюү М.Ананд энэ башёг магнайлан барилдах ёстой байсан ч тэмцээний эхний өдрийн өглөө нуруундаа зовиур мэдэрснээр дэвжээнд гараагүй тул түүний өрсөлдөгч комүбүси Асанояма сул даваа авсан юм. Ичиножо А.Ичинноров хэдийгээр 190 кг болтлоо жин хасагдсан ч нурууны гэмтлийн улмаас энэ башёг мөн өнжиж байна.

Жюүрёо зиндаанд анх дэвшин, цолтой бөхчүүдийн эгнээнд орж ирсэн Донровын Долгорсүрэн зааны ач хүү Хошёорюү С.Бямбасүрэнгийн эхний өрсөлдөгч нь Акисэяма байлаа.

Хошёорюү баруун хутгаж, сайхан монгол мэхээр өрсөлдөгчөө давж, тэмцээнээ золбоотой эхлүүллээ.

Хүнд гэмтлийн улмаас олон башё өнжиж, эргээд дээш дэвшин барилдахаар тэмүүлж буй Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ макүшитагийн дөрөв дээр эрэмбэлэгдэн дэвжээнд гарч эхний өдрөө давлаа.

Мөн өвдгөндөө хүнд гэмтэл авсны улмаас хагалгаа хийлгэж, дөрвөн башё өнжиж, жонидан зиндаа руу унасан Ура дэвжээнээ эргэн гарч эхний даваагаа авч чаджээ.

Кюүшюү башёгийн Макүүчи зиндааны эхний өдрийн барилдаануудын дүн

Кюүшюү башёгийн Макүүчи зиндааны эхний өдрийн барилдаануудын бичлэг

Кюүшюү башёгийн Макүүчи зиндааны хоёр дахь өдрийн оноолт

Р.Гэгээ

SHARE