Ж.Эрдэнэбат: Дуусаж байгаа төслийн мөнгийг яагаад хасаад байна вэ?

АМНАТ-ын татвартай холбоотой хуулийн төсөл дээр ҮХЦ хориг тавьсантай холбогдуулан УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг томилогдон ажиллаж байна. Мөн 2020 оны төсвөөс 300 тэрбум төгрөгийг танаж оруулж ирсэн учир УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат “Төсвийн бодлогын буруугаас аж ахуйн нэгжүүд хохирох ёсгүй” хэмээн байр сууриа илэрхийллээ. 

 

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат: 

-Төсвийн хууль хуулийн хугацаатай. Гэтэл татвар бүрдүүлэх гол хуулинд асуудал үүсээд байна. Төсөв бол эдийн засгийн зохицуулалтын томоохон хэрэгсэл. Манайх шиг хүн ам багатай орон төсвөөрөө эдийн засгийн зохицуулалтаа хийж явах боломжтой болдог. 2014 оны 12 дугаар сард намайг Сангийн сайдаар томилогдоход төсвөөс үүдэлтэй эдийн засгийн хохирол багагүй үүссэн байсан.

Төсвийн ажил хийсэн ААН-үүд өр зээлэндээ баригдсан, алдагдалд орсон, орон тоогоо цомхотгосон байсан. Бид үүнийг нэг удаа цэгцэлсэн. Дараа нь Ерөнхий сайдаар томилогдоход бас л ААН-үүд хүнд байдалтай болсон байсан. Д.Чойжилсүрэн сайд сайн мэдэж байгаа. Бас л цэгцэлж байсан. Гэтэл одоо энэ байдал давтагдаж байна. .

Ажлын хэсгийн даргаас асууя. Уучлаарай, нэг удаа тойргийн асуудлаа хөндөж ярья. ? Дуусах гэж байгаа ажлын мөнгийг хасах нь зөв үү?

Мөн арьс, ширний экспорттой холбоотой асуудал байна. Заавал боловсруулж гаргана гэснээс болж арьс, ширний үнэ боодол бохины хэмжээнд хүрээд байна. Манай Засгийн газар байгуулагдсаны дараа энэ журмыг цуцалснаар арьс, ширний үнэ өсөж байсныг малчид санаж байгаа. Боловсруулах үйлдвэртэй болсны дараа хуулиар хориглоё гэж шийдэж байсан. Гэтэл энэ байдал дахин давтагдаж байна гэлээ.

Үүний хариуд, ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Төсвийн хуулиар бид орлогоо нэмээд, зарлагаа нэмж болохгүй. Нэг төрлийн зарлагыг бууруулж, нөгөө төрлийн зарлагыг нэмэх ёстой. Зарлага өндөр байгаа. Иймд 300 тэрбум төгрөгөөр бууруулж, тэр хэмжээгээр хөрөнгө оруулалтыг нэмж байгаа гэв.

Эх сурвалж: livetv.mn

SHARE