Нарны аймгаас гарсан сансрын аппаратуудаас дахин таван жилийн турш дохио ирнэ

Нарны аймгийн хязгаараас гарсан “Voyager 1, “Voyager 2” сансрын аппаратуудаас дахин таван жилийн турш дэлхий рүү дохио ирсээр байх болно гэж АНУ-ын Калифорнийн технологийн их сургуулийн физикч, эрдэм шинжилгээний “Voyager” хөтөлбөрийн удирдагч Эд Стоун мэдэгджээ.

Тэрээр хэлэхдээ, “Одоогоор “Voyager 1”-т дөрөв,  “Voyager 2”-т таван төхөөрөмж ажиллаж, дэлхий рүү мэдээ илгээсээр буй. Аппаратууд аажмаар хөрж, эрчим хүчний эх үүсвэр нь улам бүр багасч байна. Иймд таван жилийн дараа аппаратуудаас дохио ирэх явдал зогсоно” гэжээ.

“Voyager 1”, “Voyager 2” сансрын аппаратуудыг 1977 онд хоёр долоо хоногийн зайтай хөөргөсөн билээ. “Voyager 1” аппарат өдгөө Нараас 148.047 астрономийн нэгжийн зайд (нэг астроноомийн нэгж нь дэлхийгээс Нар хүртэлх зай буюу 149.577 сая км-тэй тэнцэнэ) байгаа ажээ.

Эрдэмтдийн тооцоолсноор, тус аппарат 16700 жилийн дараа Нараас хамгийн ойр орших Центаврын Проксима одоос 3.59 гэрлийн жилийн зайтай өнгөрөх юм байна.

Харин “Voyager 2” аппаратын хувьд Нараас 122.476 астрономийн нэгжийн зайд холдсон бөгөөд Центаврын Проксима одтой мөн ойртох ажээ.

Б.Төгсөө

SHARE