Цэцийн шийдвэрийн захиалагч нь З.Энхболд гэв үү

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын өчигдөр /2019.10.30./-ийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж эцэслэн шийдвэрлэсэн. Дээрх заалтууд нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж  үзжээ.

Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд … нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Төр нь … аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчсөн байх тул хүчингүй болгосон байна.

Гэтэл энэ шийдвэр гарсан даруйд олон нийтийн зүгээс ихээхэн эсэргүүцэл үзүүлж байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хүртэл цахим сүлжээнд “Ноцтой мэдээ, Маш ноцтой мэдээ… Үндсэн хуулийн цэцийн гишүүд ээ. Та бүгдийн өнөөдөр гаргасан шийдвэрээр ашигт малтмалын нөөц ашигласны татвар авах боломжгүй болж, төсвийн орлого жил бүр хамгийн багадаа 1.2 их наяд (1,287,000,000,000) төгрөгөөр буурахад хүрч байна.

Энэ шийдвэр гарснаар монголын газрын хөрсөн доорх баялаг болох ашигт малтмал ард түмний өмч биш компаниудын өмч болж байна. Оюутолгой, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Тавантолгой, Цайрт минерал зэрэг бүх зэс, алт, нүүрс, төмөр, цайрын уурхайнууд энэ татварыг төлөхгүй болж байна. Цэцийн шийдвэрээр Ашигт малтмал бол уурхайн эздийн өмч боллоо, ард түмнийх биш, энэ бол тоглоом биш шүү. Арай ч дээ” гэж байр сууриа илэрхийллээ.

Нөгөө талаас Цэцийн энэ шийдвэрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын захиалгаар гарсан гэж үзэх хүн олон байна.

Цахим сүлжээгээр байр сууриа илэрхийлж буй хүмүүс, тухайлбал 1072 ширхэг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоог санаачлагч, эдийн засагч Лүндэгийн Наранбаатар  “Үндсэн хуулийн 6.1: Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.
Өчигдөр Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр энэ заалтыг гишгээд байгалийн баялгийг Зи-гийн дүүгийн мэдэлд өгчихсөн.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тэглэж “Страто” мэтийн лицензгүй нүүрс баяжуулах компаниудыг татвараас зувчуулахад үйлчилсэн Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг Үндсэн хуульдд заасан “Байгалийн баялаг ард түмний өмч” гэсний эсрэг үйлчилсэн хэргээр ял асууж, огцруулъя!

“Страто”-д хятадууд хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд оффист нь З.Энхболдын төрсөн дүү Зандаахүүгийн Хишигтогтох ажиллаж байна. “Страто” өнөөдөр “Бороо Гоулд” шиг “Тогтвортой байдлын гэрээ” хийсэн байна. Намайг худал мэдээлэл өгсөн гэвэл шүүхдээрэй З.Энхболдоо!

Ямар буянтай компани гэхээр “Эрдэнэс Тавантолгой”-гоос хямд нүүрс аваад, баяжуулах үйлдвэр уруу нь 1072 хувьцаа эзэмшигчдийнх нь ногдол ашгийг Үндэсний аюулгүй байдлын шийдвэр гэх Ерөнхийлөгчийн шийдвэрийн халхавчаар дээрэмдэж төмөр зам бариад, тэгээд Цэцийн шийдвэрээр нүүрс баяжуулах үйлдвэрүүдийг татвараас зугтаалгаж чаддаг юм бэ?

Та нар Цэцийн дээр гарч болно. Шүүх, прокурор, АТГ-ын дээр гарч болно. Монголын ард түмний баялгийн дээр гарна гэвэл ёстой май шүү муу ….. хоббитуудаа! Эх орноо боддог гишүүд хаана байна? Сөрөг хүчин АН хаана байна? Та нар баялгийнх нь эзэн болгоё гэж тэмцдэг биз дээ? Дуугараач! Тэмцээч! Яаралтай горимоор хууль санаачилж энэ завхрал, дээрмийг зогсоо!” гэж бичсэн байгаа юм.

Ер нь З.Энхболдын дүүгийн “Страто” компани Үндэсний хөгжлийн газартай гэрээ хийгээд экспортын татвараас чөлөөлөгдсөн. Цэцийн энэ шийдвэрээр НӨАТ-аас бултчихаж байгаа хэрэг юм. З.Энхболд бол Тавантолгойн нүүрсний ашгаар экспорт хийх  төмөр замаа төрөөр бариулж байгаа этгээд юм. Энэ бол дээрэм гэсэн агуулгатай мэдээлэл нэлээд гарч байна. Товчхондоо Цэцийн шийдвэрийн захиалагч нь З.Энхболд гээд байх шиг байна шүү.

 

 

 

SHARE