43 зорчигчийн амийг аварсан онгоцны үйлчлэгч Елена Лапуцкаяг Нестеровын медалиар шагнажээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн зургадугаар сард Буриадын Нижнеангарск суурингийн нисэх буудалд ослын буулт хийсэн “Ан-24” онгоцны 43 зорчигчийн амийг аврахад онцгой үүрэг гүйцэтгэсэн үйлчлэгч Елена Лапуцкаяг эр зоригийн Нестеровын медалиар шагнах тухай тогтоолд гарын үсэг зурсан тухай “ТАСС” агентлаг уламжилжээ.

Елена Лапуцкаягаас гадна хоёрдугаар нисгэгч Сергей Сазоновыг Нестеровын медалиар шагнажээ. Ослын буултын үеэр амь үрэгдсэн нисэх багийн дарга Владимир Коломин, бортмеханик Олег Барданов нарыг Эр зоригийн одонгоор нөхөн шагнажээ.

Өнгөрсөн зургадугаар сарын 21-нд Улаан Үдээс Нижнеангарск руу ниссэн иргэний агаарын “Ангара” компанийн “Ан-24” онгоц ослын буулт хийх үед нислэгийн зурвасаас халин цэвэрлэх байгууламжийн барилгыг мөргөж шатсан билээ. Нисэх багийнхан шийдэмгий ажилласны ачаар ослын үеэр нэг ч зорчигч амь үрэгдээгүй юм.

Б.Төгсөө

SHARE