Алт цэвэршүүлэх үйлдвэр барих гэрээ байгууллаа

Монгол, Казахстаны бизнес форумын үеэр хоёр орны бизнес эрхлэгчид Алт цэвэршүүлэх үйлдвэр барих, ашиглалтад оруулах тухай гэрээнд гарын үсэг зурлаа.
Тодруулбал, Эрдэнэс алт ресурс ХХКийн гүйцэтгэх захирал Б.Ачитсайхан, Сымбат инжиниринг ХХН-ийн захирал Т.М.Шопшекбаевич нар тус гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд гэрээний хүрээнд Казахстаны талаас 30 сая долларын үнэ бүхий алт цэвэршүүлэх технологийн патентаа Монголын талд үнэ, төлбөргүй өгсөн байна.
Түүнчлэн хоёр орны бизнес эрхлэгчидээс гадна долоон гэрээнд гарын үсэг зурсан юм. Тухайлбал, Нүүрсний ордуудаас ферросолицион үйлдвэрлэх үйлдвэр барих, Агаарын техникийн ачаа тээврийн нислэгийн инженер, техникийн үйлчилгээний мэргэжилтэн бэлтгэх, Хорио цээрийн бэлдмэл үйлдвэрлэх, мэргэжилтнүүдийг сургах сургалтын төв байгуулах зэрэг гэрээг дурдаж болно.
Казакстан нь жилд 70 тонн алт үйлдвэрлэх зорилтынхоо хүрээнд нийслэл Нур-Султанд 2013 онд Тау-Кен Алтын алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулж ашиглалтад оруулснаар алтыг 99,99 хувь хүртэл цэвэршүүлдэг, жилд 25 тонн алт, 50 тонн мөнгө цэвэршүүлэх боломжтой олон улсын шаардлага хангасан үйлдвэртэй болжээ.
Тус үйлдвэр нь Тау-Кен Самрук ТӨХК-ийн санхүүжилтээр Хөрөнгө оруулалт, хөгжлийн яамны хяналт, удирдлагаар ажилладаг ба Монгол, Казахстаны бизнес форумд оролцогчид тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан байна.

Монгол, Казахстаны бизнес форум Нурсултан хотноо болж, хоёр орны 300 орчим бизнес эрхлэгч, албаны төлөөлөгчид оролцож, ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлсэн юм.

SHARE