Х.Баттулга: Үндсэн хуульд “Монгол Улс өөрийн тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэхээр ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно” гэсэн заалт тусгана

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд тусгайлсан саналаа илэрхийлэв.

Тэрээр “УИХ-ын ээлжит бус чуулган онцгой, харуиуцлагатай цаг үед хуралдаж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх гэж байна. Миний бие хаврын ээлжит чуулган дээр хэлсэн үгэндээ дараагийн шатны Үндсэн хуулиа хэлэлцэх цаг болсныг уриалж байсан билээ. Олон нийт Үндсэн хуулийн замаар эрс шинэчлэл хийхийг хүлээж зөвшөөрч байна. Үндсэн хуульд өөрчлөлт хийхдээ ямар замаар, ямар өөрчлөлт хийх талаар өөрийн байр суурин дээрээ бат зогсож байна. Олон нийтээс гаргасан саналд тулгуурлан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа боловсрууллаа. Ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойш 27 жилийн хугацаанд амжилт ололтоос гадна нийгмийн хөгжлөөс улбаалсан хүндрэл, бэрхшээлтэй тулгарч ирлээ. Ард түмний засаглах эрх алдагдлаа, байгалийн баялгийг тэгш хүртэх, зүй зохистой ашиглах бодлого алдагдлаа. Парламентын засаглалд эргэлзээ хандлага ихэслээ. Улс төрийн намууд ашиг сонирхлоор нэгдсэн бүлэглэл болж хувирлаа. Сонгуулийн үр дүнд байгуулагддаг Засгийн газар ойр ойрхон солигддогоос тогтвортой хөгжлийн бодлогогүй алдагдлаа.

1.Монгол Улс тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж байсан билээ. Тусгаар тогтнолын төлөөх Монголын нийт иргэдийн 98.5 хувь нь саналаа өгч, тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх гэсэн санал олон саад бэрхшээлийг туулж, 1961 онд НҮБ-аар хүлээн зөвшөөрүүлсэн байдаг. Иймд тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэхээр Үндсэн хуульд зохицуулалт хийж, “Монгол Улс өөрийн тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэхээр ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно” гэсэн заалт тусгаж байна.

2. УИХ-ын долоон удаагийн сонгуулиар сонгогчийн саналыг авахаар бэлэг сэлт өгөх хандлага байсаар ирсэн. Тийм учраас иргэний сонгох эрхэд саад учруулах оролдлогыг гэмт хэрэг гэж үзнэ гэсэн саналыг тусгаж байна.

3.Төв банкны хараат бусаар ажиллах нөхцөлийг улам тодотгож, үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэ цэнийг нэмэгдүүлэх заалтыг оруулж өгч байна.

4.Газартай холбоотой аливаа хэргийг Засгийн газар болон засаг захиргааны нэгжид шилжүүлэх хэрэгтэй. Тиймээс Нийтийн өмчийн газрыг эзэмшүүлэх шийдвэрийг зөвхөн Засгийн газар, аймаг хотын Засаг дарга гаргана.

5. Байгалийн баялгийг зохистой ашиглах талаар Үндсэн хуульдаа тусгах шаардлагатай. Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад байгалийн баялгийг ашиглахдаа тогтвортой хөгжлийн зарчмыг баримтлах хэрэгтэй гэж үзэж байна. Ой ус, газрын хэвлийн баялаг нийтийн өмч мөн. Онцгой ач холбогдол бүхий газар, байгалийн баялгийг ашиглахдаа зардлыг хөрөнгө оруулагч тал гаргаж, татварын дараах ашиг төрд оногдоно. Газрын хэвлийн баялгийг хөрөнгө оруулагчтай хамтарч ашигласны ашигийг Баялгийн санд оруулна.

6. Намуудын дотоод ардчилал хангалтгүй байна. Намуудын парламентад санал авах босго таван хувь буюу 100 мянган сонгогчийн санал авсан байх. Нам 50 мянгаас доошгүй гишүүнтэй бол Сонгуулийн төв байгууллагад бүртгүүлэх босгыг тогтооё. Намууд санхүүгээрээ уралдах бус үзэл баримтлалаараа өрсөлдөх хэрэгтэй. Намуудын гишүүнчлэлийг Дээд шүүх биш СЕХ хариуцдаг болъё.

7. Хууль болон УИХ-аас гарч буй шийдвэрийг чанартай болгох хүрээнд УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь зөв гэж үзэж байна. Иймд Ерөнхий сайдаас бусад нь УИХ-ын гишүүний албыг дангаар хаших хэрэгтэй. 1992 онд Монгол Улс 2 сая гаруй хүнтэй байсан бол өнөөдөр 1.2 саяар нэмэгдэж, 3 сая гаруй хүн амтай болоод байна. Аливаа улсын парламент хууль тогтоох, гүйцэтгэх засаглалд хяналт тавих аргачлал байдаг. Энэ аргачлалаар тооцвол 3.2 сая хүн амтай улс 114 УИХ-ын гишүүнтэй байхаар байна. Иймд 108 гишүүнтэй байх санал оруулж байна.

8.Олон намын төлөөлөл буюу парламентад мэтгэлцээний замаар шийдвэрлэгдэх ёстой. Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 33 намын зүгээс хувь тэнцүүлсэн сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд зааж өгөх нь зүйтэй гэж үзэж байгаа. Манай улсын хувьд өөрийн орны онцлог, улс төрийн намын төлөвшил зэргийг харгалзан сонгуулийн тогтолцоогоо оновчтой болгох шаардлага бий болжээ. Ийм учраас УИХ-ын сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд зааж өгөх нь зүйтэй гэж үзлээ.

9.УИХ-ын бүрэн эрхийг хугацааг дөрвөн жил байхаар Үндсэн хуульд заасан. Эхний жилд томилгоо хийж, сүүлийн жилд дараагийн сонгуульд бэлддэг болсон. Үүнийг улстөрчид өөрсдөө хүлээн зөвшөөрдөг. Тогтвортой хөгжлийн бодлогыг НҮБ болон бусад орнууд 5, 10 жилээр төлөвлөдөг. Дэлхийн 95 улсын парламент таван жилээр бүрэн эрхээ хэрэгжүүлдэг байна. Тиймээс УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил байх санал оруулж байна.

10.Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрхтэй. Ганц гишүүн чухал ач холбогдолтой хуулийг санаачилдаг байсан. Үүнийг хуулиар зохицуулдаг болж байна.

11.Төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхдээ Үндсэн хуульд тусгах хамгаалах шаардлага байна.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Монгол орон шинэ дэвшил рүү орох гэж байна. Улс оронд шинэ эхлэл, шинэ гараа даруй хэрэгтэй байна. Өөрчлөлт шинэчлэлт эрчтэй хийгдэж сайн үйлс дэлгэрэх болтугай” гэв.

Ерөнхийлөгч саналаа танилцуулснаар өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв.

Эх сурвалж: news1.mn

SHARE