Хөвсгөл нуурыг дэлхийн өвд бүртгүүлэх аян өргөжсөөр байна

Азийн хөх сувд болсон Хөвсгөл нуурыг дэлхийн өвд бүртгүүлэх олон улсын аян ирэх сарын 4-19-ны өдрүүдэд Улаанбаатар хот болон Хөвсгөл аймагт зохион байгуулагдах гэж байна.  “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн”, “Дөрөв дэх өнцөг”, “Түгээмэл эрх хөгжил”, “Захиргааны шинэ санаачлага”, “Байгаль орчны сэтгүүлчдийн сүлжээ” ТББ-ууд хамтран санаачилсан Хөвсгөл нуурын байгаль экологийн болон соёлын үнэ цэнэ, ач холбогдолыг олон улсын хэмжээнд таниулж, улмаар нуур орчмын онгон байгалийг НҮБ-ын Боловсрол шинэжлэх ухаан, соёлын байгууллага болох ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой тус аянд найман орны  50 гаруй байгаль хамгаалагч, уран бүтээлчид нэгдээд байна.

Аяны хүрээнд “Усны эрх ба Хөвсгөл нуурыг Дэлхийн өвд бүртгүүлэх асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдахын зэрэгцээ зураач, хөгжимчин, уран бүтээлчид өөр өөрсдийн чиглэлээр уран бүтээлээ туурвих аж. Уг аяныг дэмжин Монголын Хүний эрхийн үндэсний комисс ажиллах юм байна.

Эх сурвалж: news1.mn Г.НЯМ

SHARE