Чарли Чаплины амийг сумо аварсан түүх

1930-аад онд дэлхий дахин бүхэлдээ бужигнаж, тогтворгүй байдал газар авсан байлаа. Дэлхий дахинд энхтайван, тогтвортой байдлыг хангахын тулд тэнгисийн цэргийн таван том гүрэн болон АНУ, Их Британи, Япон, Франц, Итали зэвсэглэлээр хөөцөлдөхгүй байх тухай гэрээг 1930 онд Лондонд байгуулжээ.

Одоогийн НҮБ-ын үүргийг тухайн үед биелүүлэхээр Үндэстнүүдийн лиг хэмээх байгууллагыг1931 онд мөн байгууллаа. Тус байгууллагаас зэвсэглэлээр хөөцөлдөхийг хориглосон шийдвэр дахин гаргасан байна.

Японы Эзэнт гүрэн энэхүү гэрээг дагаж мөрдөж эхэллээ. Гэвч хэт үндэсэрхэг үзэлтэй офицерууд энэ гэрээг Эзэнт гүрний Зэвсэгт хүчний хүчийг сулруулж байна хэмээн үзэж төрийн эрхийг авахын тулд тухайн үеийн Ерөнхий сайд Инукаи Цуёошиг хөнөөхөөр шийджээ. Үүндээ офицерууд залуухан сонсогчдыг ашиглахаар бэлджээ.

Тэд 1932 оны тавдугаар сарын 15-нд Ерөнхий сайд Инукаи Цуёошиг хөнөөгөөд төрийн эрхийг авахаар зэхэв. Гэтэл яг тухайн үед буюу тавдугаар сарын 14-нд Японд алдарт жүжигчин Чарли Чаплин айлчлан очсон байна. Чаплин бол жирийн нэг жүжигчин бус мөн улс төрийн асуудлаар өөрийн гэсэн үзэл бодол, байр суурьтай нэгэн. Тэрбээр тавдугаар сарын 15-нд Японы Ерөнхий сайд Инукаи Цуёошитой гэрт нь уулзахаар тогтжээ.

Энэ мэдээг дуулсан хэт үндэсэрхэг үзэлтнүүд /фашист ч гэж тодорхойлдог/ Ерөнхий сайдыгаа хүүтэй нь мөн Чарли Чаплинтай хамт хөнөөхөөр шийджээ. Ингэвэл АНУ-тай Япон дайтахаас аргагүй байдалд хүрнэ гэж тооцоолсон байна. Хачирхалтай нь Чарли Чаплин Их Британийн иргэн атал АНУ-ын иргэн хэмээн андуурч, улмаар устгахаар төлөвлөжээ.

Гэвч Чарли Чаплины аз түшив. Инукаи Цуёошигийн 21 настай хүү Такеру Цуёоши жүжигчнийг сумогийн башё хамтдаа үзэхийг урьж, тавдугаар сарын 15-нд Чарли Чаплин сумогийн ордонд зочилжээ. Харин Ерөнхий сайд аавтай нь маргааш уулзахаар цаг тогтсон байна.

Үүнийг мэдээгүй 11 сонсогч залуу Инукаи Цуёошигийн гэр рүү дайран орж, амийг нь хөнөөв.  “Би тайлбарлаад хэлбэл та нар уг нь ойлгоно доо” гэж Инукаи сүүлчийн үгсэ хэлсэн ч залуус “Яриад байх юм байхгүй ээ” гээд буудан хөнөөсөн гэдэг.

Ингэж сумо Чарли Чаплины амийг аварсан түүхтэй. Энэ явдлаас хойш 30 жилийн дараагаар гаргасан намтар номдоо Чарли Чаплин “Төлөвлөгөөгөө хэрэгжүүлсэн алан хядагчдын баяр баяслыг би төсөөлж байна. Гэвч тэд намайг нэгэнт хөнөөчихснийхөө дараа америк биш англи хүн гэдгийг мэдээд яах байсан бол! Өө, уучлаарай гэх юм болов уу” хэмээн тэмдэглэн үлдээжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE