“Сент-Луис”-ийг аварга болно гэж 400 ам.долларын бооцоо тавиад 100 мянган ам.доллар хожжээ

АНУ-ын Миссури мужийн иргэн Скотт Берри өнгөрсөн нэгдүгээр сард Стэнлийн цомыг “Сент-Луис Блюз” хүртэнэ гэж 400 ам.долларын бооцоо тавьжээ. Тухайн үед “Сент-Луис” улирлын хамгийн сүүлчийн байрт явсан тул түрүүлэх магадлал нь 250х1 байж.

Берригийн таавар оновчтой болсноор 400 ам.доллараа 250 дахин үржүүлж, 100 мянган ам.долларын эзэн болжээ.

“Намайг бооцоо тавихад хүмүүс халаглаж байлаа. “Ээ бурхан минь, энэ чинь лигийн хамгийн муу баг шүү дээ. Чи нээрээ ингэж мөнгөө үрж ядаж байгаа хэрэг үү?” гээд л. Харин би тэдэнд хэлсэн юм. “Хоккейг тааж таамаглахын аргагүй шүү” гэж” хэмээн Скотт Берри өгүүлжээ.

“Сент Луис” плей-оффт шалгарч, ахиж эхлэхэд нэг найз нь түүнд хэлж гэнэ. “Одоо чиний бооцооны мөнгө 40 мянган ам.доллар болчихлоо. Цаад баг чинь үүнээс илүү яасан ч ахихгүй. Мөнгөө ав” гэж. Гэвч Берри хариуд нь хэлжээ. “Үгүй ээ, тэгэхгүй шүү. Би багтаа их итгэдэг. Магадгүй хүмүүс тэнэг гээд байдаг нь үүнтэй ч холбоотой биз. Би бооцоо тавихдаа мөнгө олох гэж юмуу өсгөж авах гэсэн бодолдоо хөтлөгдөөгүй. Би зүгээр зүрхээ дагасан юм. Би энэ багтаа хайртай” хэмээн Берри нэмж хүүрнэжээ.

Берри бол баян ч биш ядуу ч биш бэл бэнчингийн хувьд дундаж эр. “Энэ мөнгө миний амьдралыг өөрчлөхгүй л дээ. Би багтаа итгээд л энэ бооцоог зориуд тавьсан юм” гэж тэр хэлсэн байна.

“Сент Луис” NHL-ийн плей-оффын финалын цувралын долоо дахь тоглолтод “Бостон Брюинз”-ыг 4:1-ээр хожсноор түүхэндээ анх удаа Стэнлийн цомын эзэн болсон.

News1.mn Р.Гэгээ

SHARE