Гимнастикч бүсгүй хүнд хүчир бэлтгэлийн тухай зүйрлэл бичээд ажлаасаа халагдав

Спортын гимнастикийн 2003 оны дэлхийн аварга, АНУ-ын 32 настай тамирчин Терин Хамфри улсынхаа Гимнастикийн Холбооны ажлаасаа халагджээ.  Тэрбээр олон нийтийн сүлжээнд “Аваргуудын бэлтгэл гэж нэрлэдэг зүйлийг жирийн хүмүүс хүчирхийлэл гэж үздэг” хэмээн бичсэн юм байна.

АНУ-ын Гимнастикийн Холбоо Хамфригийн энэхүү постод ихэд эмзэглэж, түүнийг хүчирхийллийг хөхиүлэн дэмжлээ хэмээн ажлаас нь халжээ. Тус холбоонд олон жил ажилласан эмч Ларри Нассар тамирчин охид, бүсгүйчүүдийг хүчиндэж, бэлгийн дарамт үзүүлсэн хэргийнхээ төлөө 175 жилийн ял сонсоод төдийлөн удаагүй байхад Хамфри ийнхүү хөндүүр сэдвийг нь хөндсөнд Холбооны удирдлага тэвдсэн бололтой.

“Уг нь би өөрийнхөө үзэж туулсан туршлага, бэлтгэлээ л хэлсэн юм. Өдөр бүр бэлтгэл хийснийхээ дараа өвдөлт, ядралт мэдэрдэг байлаа. Энэ постыг оруулахдаа ч би тэр л цагийг дурссан төдий. Хүмүүс тэгж хүндээр хөндүүр хүлээж авна чинээ төсөөлсөнгүй” хэмээн Хамфри өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE