Дюрант: Би тамирчин хүн болохоор үүнийг даван туулах ёстой

“Голден Стэйт Уорриорз”-ын довтлогч Кевин Дюрант ахиллын шөрмөс тасарсны улмаас хагалгаа хийлгэлээ. Хагалгаа амжилттай болсон гэж тэрбээр өөрөө мэдэгдэж, сэтгэгдлээ олон нийтийн сүлжээнд бичжээ.

Дюрант финалын цувралын тав дахь тоглолтын үеэр гэмтэл авсан юм.

“Ахиллын шөрмөс тасарчээ. Өнөөдөр хийлгэсэн хагалгаа амжилттай боллоо.

Өнөөдрөөс гэмтлээ эдгээж эхэлж байна. Надтай хамт миний гэр бүл, ойр дотныхон минь байлаа. Мөн та бүхний намайг гэсэн сэтгэл дэмжлэгт бид маш их талархаж байна.

Өнгөрсөн даваа гаригт хэлсэнчлэн санаа минь их зовж буй ч бүх зүйл сайхан болно оо. Сагсанбөмбөг миний амьдралын хамгийн том хайр болохоор тэр орой би талбайд гарахыг хүссэн юм. Энэ бол миний хийх дуртай зүйл маань болохоор тэр. Багийнхандаа гурав дараалан аварга болоход нь тус болохыг хичээсэн юм.

Гэвч сагсанбөмбөгт ийм явдал тохиолддог. Бүх хүчээ шавхан тоглосноороо мөн манай залуус ялалтад хүрсэнд би их бахархаж байна. Одоо намайг урт зам хүлээж байна. Гэвч би тамирчин хүн болохоор үүнийг даван туулах ёстой. Багийнхаа залуусыг хөгжөөн дэмжигчдийн  хамтаар дэмжих болно” хэмээн Дюрант өгүүлжээ.

Ахиллын шөрмөс бол тамирчдын хувьд хамгийн хэцүү, удаан хугацаанд эдгэдэг гэмтэл. Бүрэн эдгэтлээ ойролцоогоор 7-10 сар шаардагддаг. Зарим тохиолдолд дахин хагалгаа хийлгэх, сэдрэх явдал гардаг талтай.

Дюрантын гэмтлийн талаар Стив Керр өгүүлэхдээ “Түүнийг талбайд гаргах шийдвэрийг бид хамтран хэлэлцэж байж шийдсэн. Клубын эмч, мөн Кевин өөрөө, Кевиний эмч ч байлцсан. Бүгд санал нэгтэй шийдсэн. Ахиллын шөрмөс тасарсан нь биднийг их балмагдууллаа.

Бид муугаар бодоход шагайны гэмтэл нь сэдэрч магадгүй л гэж таамагласан. Ахиллын шөрмөс тасрах магадлалтай гэж мэдсэн бол түүнийг талбайд гаргахгүй байсан” гэжээ.

Харин Кевин Дюрантын ээж Ванда Дюрант хүүгийнхээ гэмтлийн тухайд ийн ярьжээ. “Кевин сагсанбөмбөгт маш их дуртай болохоор түүнийг дахиад талбайд гарлаа гэхэд би баярлаж суулаа. Өмнө нь хэд хэдэн удаа гэмтэл авч байсан болохоор өөрийгөө аюулд оруулахгүй байх гэж би бодсон. Тиймээс ч тоглохыг хүсч буйгаа хэлэхэд нь би цааргалаагүй. “Голден Стэйт”-ийн эмч нарыг буруутгаж байна уу гэж үү? Тэр Кевинийг тоглож болно гэсэн. Тэд зөвшөөрөл өгсөн. Тэдний зөвшөөрөлгүйгээр бол хүү минь талбайд гарч чадахгүй байсан. Тэгэхээр…” гээд түгдэрчээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE