Ё.Баатарбилэг: Анги засварын мөнгө яах вэ, эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлмээр байна

АТГ-аас зарим багш нарыг шалгаж байгаа мэдээлэлтэй холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ. Тэрээр “Улсын хэмжээнд 43 мянга гаруй хүүхэд есдүгээр анги төгсөнө. 18 мянга орчим хүүхэд 12 дугаар анги төгсч байна. Төгсөлт, элсэлтийн шалгалтуудаа өгөөд явж байгаа эгзэгтэй хариуцлагатай цаг үе байгаа. Нийтдээ 80 гаруй их дээд сургууль элсэлт авна. Элсэлтийн журам, заавар, зөвлөгөө, тушаал, шийдвэр яамнаас гарсан байгаа. Энэ цаг үед сургууль анги, засварын мөнгө нэхэж маш олон багш нар хуулийн байгууллагад шалгагдаж байгаа гэх мэдээлэл хэвлэлээр гараад байгаа. Тийм зүйл байхгүй. Манай яам АТГ-тай авлигын эсрэг хамтарч ажиллаж байгаа” гэв.

Харин эсрэгээр нь эцэг, эхчүүдийн үүрэг хариуцлага, хараа хяналтыг сайжруулах ёстойг тэрээр хурлын үеэр онцолсон. Хүүхдийн хүчирхийлэл ямар орчинд үйлдэгдэж байна гэхээр гэр бүл, ахуйн орчинд, олон нийтийн орчинд, зам тээврийн осол зэрэгт хүүхдийн эрх маш их зөрчигдөж байна. Эцэг, эхийн хараа хяналт сулаас болж ийм асуудлууд маш их гарч байна гэж байв. Түүнээс гадна ирэх хичээлийн жилээс эхлээд сургууль, эцэг эх, багшийн гурвалсан гэрээ байгуулахаар болжээ. Гэрээнд сургууль, эцэг эх, багшийн үүрэг тодорхой. Харин өнөөдрийн нөхцөл байдалд сургуулийн үүрэг, эцэг эх, багшийн үүрэг тодорхой бус. Эцэг эхчүүд эцэг эхийн хуралд ирдэггүй. Тэгээд байж байгаад гэнэт багшийг ирээд загнадаг, эцэг эх нь хүүхдийнхээ сурах нөхцөлийг хангаж өгдөггүй, хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаардаггүй, хичээлийн бус цагаар юу хийж явааг нь мэдэхгүй байгаагаас олон хүүхдийн эрх зөрчигдөж байгааг тэмдэглэв.

Эх сурвалж: news1.mn

SHARE