“Багануур” ХК Дээд шүүх дээр “Алтайн гянт”-ыг яллаа

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх өчигдөр “Алтайн гянт” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох  захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар болон гуравдагч этгээд “Багануур” ХК-ийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцлээ. Нэхэмжлэгч “Алтайн гянт” ХХК нь Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615, 616 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, Багануурын хүрэн нүүрсний орд газарт олгосон 12959А тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээж өгөхийг хүсэн шүүхэд хандсан юм.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хянан хэлэлцээд, нэхэмжлэгч “Алтайн гянт” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон юм. Үүний дараа “Алтайн гянт” компани Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдсан. Түүнийг давж заалдах шатны шүүх 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан юм.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Ийн “Багануур” ХК орд газраа алдалгүй авч үлдлээ. Одоогийн УИХ-ын гишүүн Л.Болд АМГ-ын даргаар ажиллаж байхдаа “Алтайн гянт” компанид эхлээд хайгуулын, дараа нь ашиглалтын лиценз давхардуулан олгож, Ашигт малтмалын тухай хууль зөрчсөн байдаг. “Алтайн гянт” бол “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийг ОХУ-аас нууцаар худалдаж авсан Ц.Пүрэвтүвшингийн нэр дээр бүртгэлтэй компани.

SHARE