Гурван жил үргэлжилсэн маргаанд Дээд шүүх цэг тавьж, “Багануур”-ын талд шийдвэр гаргалаа

Багануурын ордын тусгай зөвшөөрөлтэй холбогдох “Алтайн гянт” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг Улсын дээд шүүх өчигдөр буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр хянан хэлэцээд “Алтайн гянт” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргалаа. Ингэснээр “Алтайн гянт” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын 12959А тоот тусгай зөвшөөрөл хүчингүйд тооцогдож, Улаанбаатар хотын Багануур дүүргийн нутагт орших Баруун хонгор нэртэй 1181.16 га талбай төрийн мэдэлд хэвээр үлдэж байгаа юм.

Энэ талаар эргэн сануулбал: 

Багануурын орд газарт улсын төсвөөр 1974-1975 онд хайгуулын ажил, 1988-1989 онд гүйцээх хайгуулын ажил, 2014-2015 онд нэмэлт хайгуул хийж, нөөцийг нь тогтосон байдаг. Гэтэл тус ордод Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөрчин 2006 оны арваннэгдүгээр сарын 6-нд Ашигт малтмалын газрын даргын тушаалаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Алтай гоулд” ХХК-д олгосон бөгөөд улмаар тус компани өөрийн эзэмшилд байсан дээрх тусгай зөвшөөрлийг 2010 онд “Алтайн гянт” ХХК-д шилжүүлсэн байдаг.

“Багануур” ХК-ийн зүгээс хууль зөрчин олгосон уг тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлаар 2008 оноос эхлэн холбогдох төрийн захиргааны болон шүүхийн байгууллагуудад удаа дараа гомдол гаргаж, хянан шийдвэрлүүлсний үндсэн дээр 2012 оны аравдугаар сарын 23-ны өдрийн Ашигт малтмалын газрын даргын 616 дугаар тушаалаар дээрх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.

Ашигт малтмалын газрын даргын дээрх тушаалыг “Алтайн гянт” ХХК-ийн зүгээс 2015 онд хууль бус хэмээн үзэж, Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон үндэслэлээр Захиргааны шүүх тус нэхэмжлэлийг хүлээж аваагүй байдаг боловч “Алтайн гянт” ХХК 2016 онд нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэснээр уг хэргийн маргаан өнөөдрийг хүртэл бүрэн шийдэгдэлгүй сунжирсээр ирсэн билээ.

Улмаар 2018 оны арваннэгдүгээр сарын 7-нд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх Багануурын ордын тусгай зөвшөөрөлтэй холбогдох “Алтайн гянт” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийн анхан шатны шүүх хурлыг явуулж, тус компанийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн юм. Ингэснээр тус компанид Багануурын ордод ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа эрхлэхээр олгосон тусгай зөвшөөрөл хүчингүй болох нөхцөл бүрдсэн гэсэн үг.

Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0098 тоот магадлалаар нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байдаг.

Тэгвэл тус газрын Кадастрын хэлтэст энэхүү 221/МА2019/0098 тоот магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, Улсын дээд шүүхэд гомдол гаргасныг 2019 оны дөрөвдүгээр сарын 8-н буюу өчигдөр хянан хэлэцээд ийнхүү “Алтайн гянт” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн шийдвэрийг хэвээр үлдээж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн магадлалыг хүчингүй болгож, Захиргааны хэргийг хариуцагч болон гуравдагч этгээд болох “Багануур” ХК-ийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.

“Багануур” ХК-ийн толгой компани нь “Эрдэнэс Монгол” буюу Засгийн газар эзэмшдэг. Тиймээс ч энэ хэргийг анхнаас нь хуулийн дагуу шударгаар шийдвэрлүүлэх шаардлагатайг Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг өгсөөр ирсэн билээ.

13 жилийн өмнө гарсан хууль бус шийдвэртэй холбоотой хэрэг шүүхээр гурван жил явсны эцэст Дээд шүүх цэг тавьж, “Алтайн гянт” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын 12959А тоот тусгай зөвшөөрлийн Улаанбаатар хотын Багануур дүүргийн нутагт орших Баруун хонгор нэртэй 1181.16 га талбай нь төрийн мэдэлд хэвээр үлдлээ.

SHARE