Монгол паспорт үзүүлж 70 кг героин зөөсөн иргэд Истанбул дахь Ерөнхий консулын газрын ажилтнууд байжээ

Монголын ногоон дипломат паспорттай хоёр иргэн 70 кг героин төрлийн мансууруулах бодис тээвэрлэж яваад Герман Чехийн хилийн бүсэд саатуулагдсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ талаар Гадаад хэргийн яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрээр “Энэ оны тавдугаар сарын 3-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрезден хотын хилийн шалган нэвтрүүлэх постоор нэвтрэх гэж байсан Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын дипломат дугаартай автомашиныг саатуулан шалгахад 70 кг героины төрлийн мансууруулах бодис илэрсэн. Энэ хэрэгт холбогдуулаад ХБНГУ-ын тал тухайн автомашинд зорчиж байсан Истанбул дахь Ерөнхий консулын газрын нэг дипломат ажилтан, консулын  газрын жолооч нарыг Дрезден хотод саатуулсан байгаа. Хилийн чанадад суугаа Элчин сайд болон Консулын газарт томилогдох хүмүүс Төрийн албаны салбар зөвлөл буюу Дипломат ажилтны хуулийн дагуу томилогддог. Энэ мэдээллийг авсан даруйдаа Консулын газраар холбогдож арга хэмжээ авч ажиллаж байгаа.  Хэргийг хянан шалгах ажиллагаа явагдаж, эцэслэгдээгүй байгаа тул эдгээр хүний нэрийг одоогоор олон нийтэд мэдэгдэх боломжгүй. Энэ бол Монгол Улсын нэр хүндийг сэвтээсэн ноцтой хэрэг. Тийм учраас цаашид ийм хэрэг гаргахгүй байх тал дээр холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Германы талтай Дипломат консулын газраар мэдээлэл солилцож ажиллаж байгаа” гэв.

Эх сурвалж: news1.mn

SHARE