УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авна

УИХ-ын ээлжит чуулганы хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар цаг үеийн томоохон асуудлыг хэлэлцэх товтой байна. Хамгийн түрүүнд Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлт хэлэлцэнэ. ҮХЦ-ээс өнгөрсөн долоо хоногт Хэнтийн нөхөн сонгуультай холбоотой асуудлыг хэлэлцэн дүгнэлт гаргасан юм. Тодруулбал, нөхөн сонгууль товлон зарласан тогтоол буюу нөхөн сонгууль товлох  Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2018 оны 49 дүгээр тогтоол, 2019 оны 22, 23 дугаар тогтоол, Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн билээ.
Түүнээс гадна хуульч Б.Гүнбилэг УИХ-ын дарга Г.Занданшатарыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд хандаад байна. Тэрээр “Ерөнхийлөгчийн зүгээс Татварын тухай хууль болон түүнийг дагалдаж батлагдсан хуулиудад тавьсан хоригийг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, санал хураалтыг байнгын хороодын “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй” гэсэн саналын томьёоллоор явуулахад хуралдаанд оролцсон 39 гишүүний 25 нь буюу 64.1 хувь нь дэмжиж, 14 нь буюу 35.9 хувь нь татгалзсан. Ингэснээр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсгийн “…нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр буюу 66.6 хувь нь хоригийг хүлээж аваагүй бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр хүчин төгөлдөр үлдэнэ” гэсэн заалтын дагуу татварын багц хуульд тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээн авсан болно. Гэтэл Улсын Их Хурлын гишүүн, Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “зарим гишүүд орж ирээгүй байсан” гэх хууль зүйн ямар ч үндэслэлгүй “горимын санал” гэдэг зүйлийг хууль зөрчин гаргаж, санал хураалтын дүнг хүчингүй болгон, дахин санал хураалт явуулж төрийн эрх барих дээд байгууллагын хууль ёсны шийдвэрийг зүй бусаар өөрчилсөн нь эвлэрч болшгүй үйлдэл гэж үзэж байна” гэсэн байгаа юм.
Үүнээс харахад Цэцийн нөхөн сонгуультай холбоотой дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэх үед УИХ-ын даргыг зөрүүлээд Цэцэд өгчихлөө. Аль нь хэрхэн яаж шийдвэрлэгдэх сонирхолтой байна.
Одоогийн нөхцөл байдлаас харахад УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авна гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Учир нь УИХ-ын дарга Г.Занданшатараа авч үлдэхийн тулд гишүүд ингэж шийдвэрлэж магадгүй нь. Нэг ёсондоо Ерөнхийлөгчийн хоригоор нөхөн сонгуулийн шийдвэрийг наймаалцаж мэдэхээр нөхцөл байдалтай байна.
УИХ-ын чуулганаар үргэлжлүүлэн дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
•Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудал;
“Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Н.Амарзаяа нар 2019.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
•Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг;
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир нарын 6 гишүүн 2018.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 5 гишүүн 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүн 2018.09.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
•Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэлтэй холбогдуулан боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
•“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.10.17-ны өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Эх сурвалж: news1.mn Г.БАЛЖИННЯМ
SHARE