Неймар хүчингийн хэрэгт буруутгагдаж, эцэг нь тайлбар хийхээр яарав

Бразилын шигшээ болон Францын “Парис Сен-Жермейн”-ий довтлогч Неймарыг нэгэн бүсгүй хүчингийн хэрэгт буруутгасан гомдол гаргасан тул Сан-Паулу хотын Санто Амаро дүүргийн Цагдаагийн хэсэгт мөрдөн шалгаж эхэлжээ.

Одоогоор гомдол гаргасан эмэгтэйн нэр, насыг нууцалж байна. Цагдаагийн газрын мэдээллээс үзвэл тавдугаар сарын 15-нд Парист болсон хэрэг бололтой. Неймар инстаграмаар дамжуулан хохирогч гэх бүсгүйтэй танилцаж, Парист ирэх баримт бичиг, аяллын мөнгийг бүгдийг даахаар тохиролцсон байна.

Гэвч тавдугаар сарын 15-нд орон нутгийн цагаар 20:00-ийн үед Неймар бүсгүйн байрласан Sofitel Paris Arc de Triomphe зочид буудалд согтуу ирж, хүчиндсэн гэнэ. Тавдугаар сарын 17-нд бүсгүй Бразил дахь гэртээ буцаж очоод цагдаад гомдол гаргажээ.

Неймарын эцэг хэрэг явдалтай холбогдуулан тайлбар хийгээд амжлаа. “Түргэхэн л үнэнийг хэлж зарлахгүй бол муу мэдээ газар авч, хэцүүхэн юм болох шиг байна. Шаардлагатай гэж үзвэл бид энэ бүсгүйтэй харилцан хүүгийнхээ зурвасыг дэлгэн үзүүлэх болно. Энэ бол харилцан тохиролцсны үндсэн дээрх секс байсан” гэж мэдэгджээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE