Клопп: Сүүлийн финалуудад аз хийморь миний талд байгаагүй!

Өнөө шөнө Улаанбаатарын цагаар 03:00-д Аваргуудын лигийн финалын “Ливерпүүл”-“Тоттенхэм”-ийн тоглолт эхэлнэ.

“Ливерпүүл”-ийн ахлах дасгалжуулагч Юрген Клопп сүүлийн долоон жилд зургаан удаа финалд шалгарсан ч бүгдэд нь хожигдсон таагүй дүнтэй яваа. Түүнээс энэ талаар асуухад ийм хариулт өгчээ.

“Зургаан удаа дараалан финалд хожигдсны шалтгаан нь би байсан бол сэтгэл шаналах л байх. Гэхдээ тийм биш бол чамд ялалт байгуулах боломж байна л гэсэн үг. Бид бүгдээрээ ингэж л харж байгаа.

2017 оныг эс тооцвол 2012 оноос хойш би жил бүр багаа финалд хүргэсэн. Заримдаа азаар ялалт байгуулсан бол ихэнхдээ зүй ёсоор ялж финалд хүрсэн. Магадгүй шөвгийн дөрөвт ялалт байгуулсан тоогоороо дэлхийн аварга нь бий байх.

Бүх учир надад байна гээд шаналаад суувал тэр жинхэнэ асуудал болно. Өөрийгөө бүтэлгүй амьтан гэх мэтээр бодоод байвал шүү дээ. Гэхдээ би тэгж бодохгүй байна.

Амьдралд аз хийморьтой байх үе гэж бий. Сүүлийн жилүүдийн финалд аз хийморь миний талд байгаагүй нь үнэн. Гэхдээ би үүнийг хүссэнээрээ өөрчилж чадахгүй шүү дээ” хэмээн Клопп өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE